А.Гансүх, Б.Баасанцогт нарын асуудлаар мэдээлэл хийлээ
Үйл явдал
/
2021-03-16

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын асуудлаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тус асуудалтай холбогдуулан хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгахыг шаардан, ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Ч.Ундрам, Б.Баярсайхан нар ажиллах юм.

Мөн УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН хэлэхдээ: Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой мэдээллүүд гарч байгаа. Үүнийг хуулийн байгууллагууд шалгах ёстой. Хүн бүхэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь Үндсэн хуулиар олгогдсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны үндсэн зарчим нь ч энэ. Үүнийгээ биелүүлж чадаж байна уу гэдгийг эргэн харах цаг болжээ. Шударга шүүхийн тогтолцоо бий болгохын тулд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Хонгилын системийг нураах гэж бид үүнийг хийсэн. Ард түмэн ч энэ талаар ил ярьдаг.

Хонгилын шүүгчдээс гадна шударгаар ажиллаж байгаа шүүгчид ч бий. Зарим нь ардаа захиалгатай, эзэнтэй хонгилынхон өнөөдөр амь бөхтэй оршиж байна. Өөрөөр хэлбэл хонгилын шүүх нураагүй байна гэсэн үг. Үүнийг нураахгүй юм бол шүүх, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байна гэдэг талаар ярихад хэцүү болно. Хууль хяналтын байгууллага аливаа асуудлыг шалгахдаа өргөдөл, гомдлоор, мөн мэдээллээр шалгадаг. Шүүгчтэй холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай гарч байхад хуулийн байгууллага шалгахгүй, таг дуугүй байна. Тиймээс бид уг асуудлыг шалгахыг шаардаж, Цагдаагийн ерөнхий газар, АТГ, ТЕГ-т албан бичиг хүргүүлнэ хэмээсэн юм.

Г.Нэргүй

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.95.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.