Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч С.ЭРДЭНЭБОЛД гэж хэн бэ
Үйл явдал
/
2021-03-20

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн нэг бол С.Эрдэнэболд юм. Тэгвэл С.Эрдэнэ болд гэж хэн бэ. С.Эрдэнэболд нь АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Тэргүүн гэж байгаа.  Түүнийг санал хураалтанд оролцсон нийт гишүүдийнхээ 63.4 хувийн саналаар Ардчилсан Залуучуудын холбооны Тэргүүнээр сонгогдсон гэдэг. Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагыг удирдах болсон Сүхбаатарын Эрдэнэболд нь  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөөд  АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн гэж байгаа.

Үүний дараа ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн Үндэсний хүрээлэнд ажиллаж улмаар Сүхбаатар дүүргээс АН-ын ҮБХ, болон Нийслэлийн намын хороонд сонгогдож, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байгаад хожим нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын мэдээлэл боловсруулах, олон нийттэй харилцах албаны даргын албыг амжилттай хашжээ.

Түүнийг Харвардыг төгссөн Монголын хамгийн залуу улс төрч гэгддэг. Анх 2006 онд Ардчилсан намд гишүүнээр элссэн гэх түүнийг АН-ын хэрэг эрхлэх газар, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан тухай ч мэдээлэл байна.

Үүгээр зогсохгүй яруу найрагч М.Баттөмөрийн шавь гэж байгаа.   Шидэт уулын сормуус, Дурлалын гэрээ гээд түүх соёл, хэл бичиг, хувь хүний хөгжлийн чиглэлээр 10 гаруй ном биччихсэн гэдэг. За тэгээд Афганистанд түр хугацаагаар үүрэг гүйцэтгэж байсан, бэлтгэл хошууч цолтой нэгэн гээд овоо зузаан намтартай. Эрхэлсэн томоохон бизнесгүй хирнээ их л хол яваа эр юм. “АН-ын ах нарынхаа хайрыг дааж л яваа юм байна”  гээд хэлчихвэл нэг их буруудахгүй биз ээ. Бид үүнийг бэлчээр томтой гэж ярьдаг билээ. Гэвч улс төр дэхь бодлого, үйл хэрэг нь хир явцтай байдгийг олны ам буруу хэлэхгүй байх.  Түүнийг “Залуучуудын холбоо”-гоо холбоо шиг холбоо болгочихоод шинэ ардчилсан нам ярь гэх бор шувуу ч нисээд байгаа.

 

 

Г.Нэргүй

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.154.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.