БЗД-ийн 26 дугаар хорооны хөл хориог цуцалсан ч иргэдийг хариуцлагатай байхыг уриалж байна
Үйл явдал
/
2021-03-20
Он гарснаас хойш Баянзүрх дүүргийн хороодоос 26 дугаар хорооноос коронавирусийн халдвар хамгийн олон илэрч, 108 хүн халдвар авчээ.

Иймээс тус хороог халдварын голомт болсон гэж үзэж, цаашид нийслэлийн хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоохгүйн тулд хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Энэ хугацаанд тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгалыг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн юм.

Хатуу хөл хорио тогтоосноос хойших хоёр хоногийн хугацаанд тус хорооноос 28 хүн халдвар авсныг тогтоож, хавьтал болсон хүмүүсийг гэрт нь ажиглаж эхэлсэн. Мөн тав хоногт төлөвлөсөн ажлыг хоёр хоногт хийж, гүйцэтгэж дууссан учраас өнөөдрийн 06:00 цагаас хөл хориог цуцалж, 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхлээд байгаа билээ. Тэгвэл халдвар авсан дээрх 28 хүний ойрын хавьтал болох таван хүнээс өнөөдөр коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр хөл хорио тогтоосноос хойших хугацаанд тус хороонд халдвартай 33 хүн бүртгэгдээд байгаа юм.

Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол эдгээр хүний халдвар авсан эсэхийг тогтоож чадахгүй, иргэд ч халдвар авснаа мэдэхгүй олон хүн халдвар авах эрсдэлтэй байсан юм. Иймд хэдийгээр 26 дугаар хорооны хатуу хөл хориог цуцалсан ч иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, нийгмийн хариуцлага, иргэний үүргээ ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг уриалж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.80.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.