Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: "Ойрын 5 хоногт вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулахаар төлөвлөж байна"
Үйл явдал
/
2021-03-20
Өмнөговь аймгийн маань нутаг дэвсгэр дээр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аян эхэлж байна. Манай аймагт 13 мянган тун ирсэн. Монгол улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч байгаа аймгийн хувьд Гашуун сухайт, Шивээхүрэн боомтууд дээр вакцинжуулалт эхэлж байна. Улсынхаа эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа уул уурхайн ажилчид, тээврийн жолооч нар болон хил дээр ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Хилийн цэрэг, Гааль, Гадаадын иргэн харьяат, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудын ажилтан, алба хаагчид вакцинаа хамгийн түрүүнд хийлгэж байна.
 
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийг "Ногоон бүс" болгон зарласны дагуу Шуурхай бүлгийг зохион байгуулж, эрсдэлийн үнэлгээг 5 удаа хийж, гамшгийн төлөвлөгөөг 5 удаа тодотгон, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
 
Шинжилгээ хийх чадавхыг сайжруулах зорилгоор Оюутолгой, РиоТинто, НҮБ-ын Хүн амын сантай хамтран аймгийн БОЭТ дээр шинжилгээний иж бүрэн лабораторийг суурилуулан, орон нутгаас 450 сая төгрөгийн засварын ажлыг хийж, ашиглалтад оруулж байна. Мөн Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс автолаборатри ирж тасралтгүй 5 сарын хугацаанд ажиллаж байгаа нь бидний ажилд томоохон дэмжлэг болж байгааг онцлох нь зүйтэй. Тун удахгүй Гашуунсухайт боомт дээр Эрдэнэс таван толгой компанийн хөрөнгө оруулалтаар PCR-ийн лаборатори ашиглалтад орно.
 
Аймгийн Онцгой комиссийн зүгээс нэн тэргүүнд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хөдөлгөөнт хүн амын хөдөлгөөнийг хянан зохицуулах, эдийн засгийн чухал стратегийн бүтээгдэхүүний экспортын хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн зорилтуудыг гол чиглэл болгон ажиллаж байна.
Аймгийн нийт иргэддээ вакциныг үе шаттайгаар хийнэ.
 
Аймгийн төв дээр хамгийн эрсдэл өндөртэй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа хамгийн түрүүнд вакцинжуулж байна.
 
Ойрын 5 хоногт вакцинжуулалтыг эрчимтэй явуулахаар төлөвлөж байна. Ингэснээр Монгол улсын эдийн засгийг бүрдүүлдэг зэсийн баяжмал, нүүрсний экспортын татан авалт нэмэгдэж, хоёр улсын гадаад харилцаанд аюулгүй байх итгэлцэл үүснэ гэж үзэж байна.
 
Дархлаажуулалтын нээлтийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хадны "Тайван зогсоол" гэсэн шинэ байгууламж дээр хийлээ. Энэ байгууламж дээр шинэ эмнэлэг ашиглалтад орж байна. Энэхүү эмнэлэг дээр вакцинжуулалтын нээлт боллоо.
 
Вакцины хамгийн анхны тунг Өмнөговь аймгийн ОБГ-ын дарга, Хурандаа Г.Хүрэлбаатар хийлгэлээ.
 
Ингээд дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нийт мэргэжлийн байгууллагын хамт олон болон Өмнөговьчууд иргэд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.70.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.