Ерөнхийлөгч Х.Баттулга С.Зориг агсны хэргийн материалыг НУУЦААС ГАРГАСНААР өөртөө оноо цуглуулж чадлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-01

Олон жил улстөрийн шоу болсон төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэргийн НУУЦ МАТЕРИАЛЫГ бүхэлд нь нууцаас гаргах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж, Засгийн газар төрийн тэргүүний дээрх саналыг хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр одоо С.Зоригийн хэргээр дахин улстөрийн шоу хийх боломж үгүй болно гэсэн үг.

Нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг хүслээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа нэр бүхий 13 өмгөөлөгчөөс эрүүгийн хэргүүдийн материалыг ил болгох талаар тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн юм.

Төрийн болон албаны нууцын тухай хуульд нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцад хамааруулсан мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон, нууцлах хугацаа дуусгавар болсон тохиолдолд мэдээллийг ил болгохоор зохицуулсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул түүнтэй холбоотой мэдээллийг нууцлах шаардлагатай байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн, нууцлах хугацаа дуусгавар болсон” гэжээ.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ” гэж зохицуулсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дээрх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, хувийг өмгөөлөгч Б.Мэргэн нарт хүргүүлэв.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.21.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.