Хороог бие даан хөгжүүлэх боломжийг хуулийн төсөлд тусгах санал гаргалаа
Үйл явдал
/
2021-04-01

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллага, иргэд, аж ахуй нэгжээс санал авах хэлэлцүүлэг үргэлжилж байна. Уг хуулийн төслийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ээлжит бус I хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг долоон бүлэг, 46 зүйлтэй байхаар боловсруулжээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэгдүгээр бүлэгт хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулахаар тусгасан бол хоёрдугаар бүлэгт Улаанбаатар хотын хувьд хэрэгжүүлэх тусгай чиг үүргийг тодорхойлж, төрийн дээд байгууллагатай харилцах эрх зүйн үндсийг тусгасан байна. Мөн гуравдугаар бүлэгт нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байхыг тусгасан бол зургаадугаар бүлэгт дагуул хот, хаяа тосгон, түүний удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндсийг тусгажээ.


Танилцуулгын дараагаар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Бямбадорж хороо нь нийслэлийн үйл ажиллагааны харилцаанд тодорхой эрх хэмжээг хариуцах, хорооны нийгэм, эдийн бие даасан байдал, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг дэмжих, бие даан хөгжүүлэх боломжийг хуулийн төсөлд оруулах санал хэллээ. Мөн төлөөлөгч Д.Баярсайхан дүүрэг, хорооны статусыг аймаг, сум, багийн статусаас салгах нь зүйтэй. 21.000 хүнтэй хороог 1000 хүнтэй багтай харьцуулж байна. Иймээс хорооны статусыг тодорхой болгох хэрэгтэй гэдгийг хэлж байв.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Иргэдийн нийтийн хурлаас иргэдээс санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт 43 хорооны 1411 иргэн оролцож, давхардсан тоогоор 57 санал гарсан байна.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.51.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.