Өмнөговь аймагт дархлаажуулалтын ажил явагдаж, нийт 13 мянган тун вакцин ирснээс 9 мянга гаруй хүнийг вакцинжуулжээ
Үйл явдал
/
2021-04-02
Аймгийн удирдлагууд орон нутгийн хэвлэлийнхэнд цаг үеийн мэдээлэл өглөө
 
Өмнөговь аймгийн Засаг даргын санаачилгаар 7 хоног бүрийн Баасан гарагт орон нутгийн хэвлэлийнхэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, цаг үеийн мэдээллийг хүргэдэг билээ.
Өнөөдрийн уулзалтад аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Ч.Баяржаргал, ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс нар оролцож Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхэд аймгаас авч буй арга хэмжээнүүд, дархлаажуулалтын үйл явц, хаваржилт болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн батлагдсан тухай мэдээллийг өглөө.
 
 
SGS ХХК-ийн сэжигтэй тохиолдлоос шалтгаалж, баруун бүсийн 3 суманд хөл хорио тогтоосон. Гурвантэс, Сэврэй суманд "1 өрх 1 шинжилгээ" арга хэмжээг хэрэгжүүлснээр шинжилгээний бүх сорьц сөрөг гарсан байна.
 
Уул уурхайн ээлж сольсон иргэдэд мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна.
 
Улсын хэмжээнд халдварын тархалт буурахгүй байгаа энэ үед эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Өмнөговь аймаг уул уурхайн ростер солилтыг хийхгүй байх, мөн дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийг нэвтрүүлэх бодлого барьж байгаа. Энэ асуудлыг УОК болон холбогдох яамдтай зөвшилцөж зохицуулна.
 
Ковид-19 халдварын тохиолдол хөрш зэргэлдээ аймгуудад бүртгэгдсэн тул сумдын постууд дээр ажиллаж буй хүн хүчийг нэмэх арга хэмжээ авч байна.
 
Өмнөговь аймагт дархлаажуулалтын ажил явагдаж, нийт 13 мянган тун вакцин ирснээс 9 мянга гаруй хүнийг вакцинжуулжээ. Хилийн боомт болон уул уурхайд ажиллаж буй 7307, эрүүл мэндийн байгууллагын 615, тусгай чиг үүргийн болон төрийн албан хаагч 465 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. ЭМЯ-нд дархлаажуулалтын 2 дахь тун болон үлдсэн иргэдээ вакцинжуулах вакцины захиалгыг өгчээ.
 
УОК-ын X хуралдаанаар хилийн боомт дагуух аймгийн иргэдийг дархлаажуулахаар шийдвэрлэснийг үндэслэн Өмнөговь аймгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна.
 
Аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрч 40 орчим мянган мал хорогджээ. Хаврыг эрсдэл багатай давахын тулд аймаг, сумдын удирдлагууд, төр болон хувийн хэвшлийнхэн, малчид ард иргэд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.130.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.