Ц.Магалжав: Үндэсний гурван холбоодоос  тавьж байгаа энэ хүсэлтийг бодолцон, зөв шийдвэрийг гаргаасай хэмээн хүсэж байна
Үйл явдал
/
2021-06-18

Засгийн газраас коронавируст халдварын энэ үед Үндэсний баяр наадмыг үзэгчгүй цахимаар хийх, харин аймаг, сумдын наадмыг бүрмөсөн хориглох шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбоотой Үндэсний спортын холбоод болох Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод баяр наадмын талаар хамтарсан мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос Үндэсний их баяр наадмыг зөвхөн нийслэлд цахимаар зохион байгуулж, бусад аймаг сумдыг баяр наадмаа тэмдэглэхглүй байх шийдвэр нь монголчуудын талаас илүү хувь амьдран суугаа хөдөө орон нутагт таагүй уур амьсгал бий болгоод байна. Иймд үндэсний спортын холбоод баяр наадмаа улс, аймаг, сум бүрдээ нэгэн зэрэг хийх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар Улсын Онцгой комистт хүргүүлж байгаагаа мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав: Цар тахал олон хүнийг хамарч байгааг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ энэ бол түр зуурын саад бэрхшээл байх. Засаг төр үүнд зөв шийдвэр, чиглэлийг гарган үндэсний гурван холбоодоос  тавьж байгаа энэ хүсэлтийг бодолцон, зөв шийдвэрийг гаргаасай хэмээн хүсэж байна. Монгол Улсын 330 сум 21 аймагт давхардсан тоогоор 23000 орчим бөх барилддаг. Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдана гээд олон залуус бэлтгэл, сургуулилтаа хийгээд байж байна. Засгийн газарт баяр наадмыг том өв соёл гэдэг талаас нь харж, цар тахлын дэгдэлт өндөр байгаа энэ үед зөв зохион байгуулалтаар даван туулах буюу  наадмын хугацааг тодорхой сунгах, хойшлуулах байдлаар бүх наадмыг нэгэн зэрэг төвлөрөл гаргахгүйгээр хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгнө үү хэмээх санал хүргүүлж байна. Түүнээс биш зөвхөн Улаанбаатар хотын ойролцоо наадам хийж, үүнийг цахимаар дамжуулан  хөдөө орон нутагт байгаа малчид, бөхчүүд, уяачдын эрх ашгийг хүлээн зөвшөөрөхгүй хаяна гэдэг байж болохгүй асуудал юм. Дараагийн 100 жилийн наадмыг бид бүгд мэдээж үзэхгүй. Иймд хөдөө орон нутагт болох наадмыг цар тахлын ид дэгдэлтийн үеэр хойшлуулж, халдварын тархалт намжсаны дараа хорио цээрийн дэглэмийг баримтлан зохион байгуулж өгөхийг хүсэж байна гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.158.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.