Онцгой байдлын албанд Байлдааны туг, техник хэрэгсэл гардуулж өглөө
Үйл явдал
/
2021-06-21
Орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж хөгжсөний 17 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад дээр ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албанд Байлдааны туг гардуулахаар шийдвэрлэснийг ойн энэ өдөр Шадар сайд ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм. Төрийн цэргийн байгууллагын сүлд хийморийн дээд бэлгэдэл болсон Байлдааны туг нь Их Монгол Улс, эзэн богд Чингис хааны үеэс эхлэн монгол цэргийн эр зориг, сүр хүч, алдар гавьяа, суу их ялалтын илэрхийлэл болсоор ирсэн билээ.
 
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн 15,5 сая еврогийн өртөг бүхий төслийн хүрээнд гал түймэр унтраах, аврах, тусгай зориулалтын 71 нэгж автомашин техникийн сүүлийн шатны нийлүүлэлт болох үлдсэн 17 нэгж техник хэрэгслийг хүлээн авч төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагад Шадар сайд гардуулж өглөө.
 
Тэрбээр “Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, гал усны гашуун зовлон, гамшгийн аюултай цаг ямагт тэмцэж байдаг хайрлаагүй амь, халуун сэтгэл Онцгой байдлын байгууллагын алба хаагчид та бүхнийх байдаг билээ. Иймд сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч, олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, 2016 онд Монгол Улсын Засгийн газар Австри улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 5 сая еврогийн өртөг бүхий гал унтраах, аврах зориулалтын иж бүрэн тоноглосон автомашин, техник, багаж хэрэгсэл бүхий 16 нэгж автомашин, 2019 онд Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хүрээнд нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 15 нэгж автомашин нийлүүлэгдээд байна. Өдгөө Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслөөр түргэн тусламж, эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон 4 нисдэг тэрэг, гал түймэр унтраах, аврах ажиллагааны 42 ширхэг автомашиныг хүлээн авахаар ажиллаж байна” хэмээн онцоллоо.
 
Онцгой байдлын байгууллага нь эдгээр автомашин, техник, багаж хэрэгслээр хангагдсанаар төв, орон нутгийн анги, байгууллагын гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, гамшиг ослын үед ард иргэдэд түргэн шуурхай тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлж байгааг ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян хэллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.220.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.