Ц.Чинбаяр: Энгийн хамгаалалтад аажмаар шилжиж болно
Үйл явдал
/
2021-06-22

Эрүүл мэндийн салбарынхан коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хамгаалалтын цагаан хувцсыг нэг жил гаруйн хугацаанд хэрэглэлээ. Битүү цагаан комбинзон нь зуны цагт эмчилгээ үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байгааг эмч, сувилагч нар хэлж байгаа юм. Гаднын улс орнууд хамгаалалтын цагаан хувцсаа тайлаад эхэлсэн бөгөөд манай эмч нар энэ битүү хувцсаа энгийн хамгаалалтаар солих болоогүй юу? гэсэн асуултад ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр Асашёорюү Д.Дагвадоржийн ярилцлагад орох үедээ хариулт өгснийг хүргэж байна.

Тэрбээр, Цар тахлын эхэн үед халдварын хэдэн хувь нь хавьтлын болон агаар дуслын замаар дамжиж байгаа нь тодорхойгүй байсан учир хамгаалалтын цагаан хувцсыг өмсөж байсан. Одоо бол Эрүүл мэндийн сайдын 227-р тушаалд хэтрүүлсэн хамгаалалтыг хэрэглэх шаардлагагүй гэсэн заалт орсон. ХӨСҮТ-ийн хувьд Эрчимт эмчилгээ болон бусад нэгжийн ихэнх эмч нар ердийн нэг удаагийн цэнхэр халаад өмсөөд, мэс заслын маск, нүүрний шилэн хаалттай, бээлий, улавчтайгаа улаан бүсэд ажиллаж байгаа.

Магадгүй хөдөө орон нутагт ковидтой өвчтөнүүдийг эмчилж эхэлж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүд сэтгэлзүйн хувьд бэлтгэгдээгүй байгаа учир хэтрүүлэн хамгаалалтыг хэрэглэж байж болно. Энгийн хамгаалалтад аажмаар шилжиж болно. Энгийн халаадтай ажиллахад бидэнд ч  түвэг багатай байгаа.




-Тэгэхээр эрүүл мэндийн салбарынхан нийтээрээ хамгаалалтын цагаан хувцсыг тайлж, энгийн хамгаалалтын хувцсанд шилжиж болно гэсэн үг үү?


-Цагаан комбинзон хувцас өмсөх тодорхой мэргэжлийн хүмүүс байна. Жишээлбэл, эрчимт эмчилгээний эмч хүнд өвчтөний цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих, зүрх амьсгалын сэхээн амьдруулалт хийх зэрэг тодорхой үйлчилгээ үзүүлэхдээ N95 амны хаалт зүүх, хамгаалалтын цагаан хувцас өмсөнө. Мөн амьсгалын замаас сорьц авч байгаа сувилагч N95 маскийг зүүнэ. Эрчимт эмчилгээний сувилагч нар хамгийн багадаа зургаан цагаар зохиомол амьсгалтай хүнд хүмүүст тусламж үзүүлдэг учир хамгаалалтын цагаан хувцас өмсөж байна.

Бусад тусламж үйлчилгээний үед энгийн амны хаалт зүүж, энгйн нэг удаагийн халаадаа өмсье гэсэн сайдын тушаал журам нь гарчихсан. Түүнийг мэргэжлийн хүмүүс бид хэрэгжүүлээд эхэлсэн. Бусад эмнэлгийнхэн ч тайлаад эхэлж байна.

Коронавирусийн халдвар хавьтлын замаар дамжих нь харьцангуй бага байна гэдэг нь нотлогдсон. Тийм учраас айдасгүйгээр цагаан комбинзоноо тайлж, энгийн халаадандаа шилжээрэй гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ уриалж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.252.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.