Л.Энх-Амгалан: Ковидын улмаас ЭЕШ-ыг хойшлуулж 8-р сард авахаар боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-24

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулж, наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлуулах шийдвэр гаргасныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Энэ жилийн ЭЕШ 7-р сарын 1-нээс 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байсан хэдий ч халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцтай холбоотойгоор ийнхүү хойшлуулахаар болсон байна. Хугацааг наймдугаар сарын сүүлээр хэмээн тогтоосон нь дархлаажуулалтын явцтай уялдуулан гаргасан шийдвэр гэдгийг салбарын сайд мэдээллээ.

БШУЯ-наас гаргасан мэдээлэлд "Энэ оны шалгалтад оролцохоор 40420 шалгуулагч бүртгүүлж 48 байрны 1040 анги танхимд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байв. Нэг шалгуулагч дунджаар 2-3 шалгалт өгөх ба нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут байна. Шалгалтыг зохион байгуулахад 9620 багш, мэргэжилтэн оролцохоор холбогдох сургалтуудад хамрагдаж чиг үүргийн дагуу бэлтгэгдээд байна. Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 76.7 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Хэдийгээр нөхцөл байдал ийм боловч цар тахлын халдварын тархалт өдөр өдрөөр нэмэгдэж, өвчилсөн иргэдийн тоо болон биеийн байдал хүндрэх хандлагатай байгаа учир товлосон шалгалтыг хойшлуулахаар шийдвэрлэлээ" гэжээ.

ЭЕШ-ЫГ ХОЙШЛУУЛАХ БОЛСОН ҮНДЭСЛЭЛ:

  • Энэ сарын 21-ний өдрийн байдлаар ЭЕШ-д бүртгүүлсэн  шалгуулагч коронавируст халдвар авч, 100 гаруй хүүхэд ойрын хавьтал болоод байгаа аж.
  • 7317 шалгуулагч сумаас аймгийн төв рүү очих ёстой боловч өнөөдрийн байдлаар 9 аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд байна.
  • ЭЕШ-ыг зохион байгуулах, чиглүүлэх үүрэгтэй 66 мэргэжилтэн орон нутагт томилолтоор ажиллах ёстой ч орон нутгийн нислэгүүд бүрэн цуцлагдсан
  • Аймгийн төвийн зочид буудал, дотуур байр, спорт заалыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байгаа учир сумдаас ирсэн шалгуулагч, эцэг эхийг хамт байрлах газаргүй болсон
  • Өнөөдрийн байдлаар зохион байгуулалтад ажиллах 16 багш, мэргэжилтэйн халдвар авч, эмчлүүлж байна. Мөн тодорхой тооны багш нар ЭЕШ-д ажиллахаас татгалзсан
  • Эцэг эх, асран хамгаалагчдаас хойшлуулах хүсэлт олноор ирсэн зэргээс шалтгаалан дээрх шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.91.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.