"Намрын ногоон өдрүүдэд" 300 орчим аж ахуйн нэгж, хоршоод, хувь иргэн оролцжээ
Үйл явдал
/
2021-09-24
Жил бүрийн намар нийслэлчүүд “Намрын ногоон өдрүүд”-ийг хүлээдэг болсон. 15 дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээний гол мөн чанар нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, анхан шатны үнээр хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг хүргэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа иргэд жилийн жилд “Намрын ногоон өдрүүд”-ийг зорьж, зориуд цаг зав гарган саатдаг билээ. Энэ удаагийн арга хэмжээнд 300 орчим аж ахуйн нэгж, хоршоод, хувь иргэн оролцжээ. “Намрын ногоон өдрүүд”-ийг сурвалжилснаа хүргэе.
 
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”-ИЙГ ИРГЭД ЯАГААД ХҮЛЭЭДЭГ ВЭ
 
Улс орон даяар цар тахалтай байгаа ч хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн “Намрын ногоон өдрүүд” энэ жил тасалдсангүй. Нэн түрүүнд ХХААХҮЯ-наас зохион байгуулдаг уг арга хэмжээг иргэд яагаад хүлээдэг вэ гэсэн асуултад өөрийн ойлголтоор хариулт өгөхийг хүслээ. Нэгдүгээрт, элдэв хольцгүй органик, монгол ногоог ногоочдын гараас шууд худалдан авдаг. Өөрөөр хэлбэл, хямд үнээр хүнсний ногоогоо авах боломжтой гэсэн үг. Хоёрдугаарт, “АПУ”, “Сүү”, “Мах импекс”, “Талх чихэр” зэрэг дотоодын томоохон үйлдвэрлэгчид брэнд болон шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, үйлдвэрийн үнээр борлуулдаг. Гуравдугаарт, хэрэглэгчид нэг дороос, өргөн сонголтоор гол нэрийн хүнсээ цуглуулах боломж бүрддэг. Ийм учраас иргэд жил бүрийн “Намрын ногоон өдрүүд”-ийг хүлээж, дараа нь цаг зав гарган зорьж очдог гэхэд болно. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас амталгаа хийхийг хориглосон байлаа. Магадгүй энэ нь иргэдийн худалдан авалтад эргэлзээ төрүүлсэн байж мэдэх юм.
 
 
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” БОЛОН “АЛТАН НАМАР” АРГА ХЭМЖЭЭНИЙ ЯЛГАА
 
Сүүлийн жилүүдэд дүүрэг бүрт “Алтан намар” арга хэмжээг зохион байгуулах болсон. Энэ бол ногоочдыг дэмжсэн хөтөлбөр. Бас нийслэлчүүдийг хямд монгол ногоогоор хангах зорилготой. Гэвч ногоочид хотод удаан хугацаагаар ногоогоо борлуулаад суух боломжгүй учраас бөөний үнээр ченжүүдийн гарт өгдөг болсон. Үүний улмаас “Алтан намар”-ыг ченжүүд эзэгнэж эхэлсэн. Дүүрэгт бүрийн тодорхой цэгүүдэд ногоо худалдаалж буй иргэдийн олонх нь ченж байдаг. Мэдээж тэд ногоочдоос хямдаар авсан ногооны үнийг тодорхой хэмжээгээр нэмж, хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа юм. Нэг ёсондоо иргэд монгол ногоог анхан шатны бус хоёрдугаар шатлалын үнээр авч байна гэсэн үг. Тэгвэл “Намрын ногоон өдрүүд”-ийг зорин очсоноор ченжээр дамжих биш ногоочдын гараас шууд худалдаа хийх боломжтой болж байгаа юм. Энгийн жишээг дурдъя.
 
НАМРЫН НОГООН ӨДРҮҮД АЛТАН НАМАР
 
  • Төмс-600 төгрөг Төмс-800 төгрөг
  • Байцай-1000 төгрөг Байцай-2000 төгрөг
  • Хулуу-3000-3500 төгрөг Хулуу-5000-5500 төгрөг
  • Сармис 20000-25000 төгрөг Сармис- 25000-35000
  • Лууван- 2000 төгрөг Лууван-2500 төгрөг
  • Өргөст хэмх- 3500-4000 төгрөг Өргөст хэмх-4500-6000 төгрөг
  • Улаан лооль-6000 төгрөг Улаан лооль-6500-8000 төгрөг
Эндээс харахад хамгийн багадаа 200 төгрөгийн нэмэгдэлтэй үнээр “Алтан намар”-аас хүнсний ногоо худалдаж авч байна. Цаашлаад иргэдийн өргөнөөр хэрэглэдэг чинжүү тэргүүтэй нарийн ногоонуудыг урд хөршөөс импортолсон хэрнээ “монгол” хэмээн зарж буй тохиолдол ч ажиглагддаг. Иргэд намар цагт хямд монгол ногоо идэхийг хүссэн ч шатахуун нэмэгдсэн гэдэг шалтгаанаар “Алтан намар”-ыг эзэгнэсэн ченжүүд үнэтэй зарж байгаа юм. Дээрх хоёр арга хэмжээний гол ялгаа нь ердөө энэ.
 
БРЭНДҮҮДИЙГ ОНЦЛОХУЙ
 
“Намрын ногоон өдрүүд”-ийн гол онцлог нь нутаг нутгийн брэндүүдийг танилцуулах. Тэр ч утгаараа 21 аймгаас өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, хоршооныхон өөрийн брэндээ савлаад Улаанбаатарыг зорьдог. 15 дахь удаагийн арга хэмжээнд хамгийн хол нь Увс аймгаас, ойр нь Төв аймгийнхан байлаа. Увсынхан хольцгүй өтгөрүүлсэн жимсний шүүсээрээ оролцож байгаа бол Говь-Алтайнхан алдарт хөх, халтар арван гурилаа бариад нийслэлд иржээ. Арвайн гурилын уутны амсарыг задлахад л үнэр сэнхийх нь тансаглал гэмээр. Тэгвэл Завханыхан жимсний лёкор, дарстайгаа, Өвөрхангайнхан сүүлийн жилүүдэд хэрэглэгчдэд танигдсан сүүн чихэр, шар сүүний резинэн чихэртэйгээ, Сэлэнгийнхэн хүнсний ногоо болон зөгийн балаараа, Төв аймгийнхан олон төрлийн ногоогоо ачаад “Намрын ногоон өдрүүд”-д иржээ. Харин Булган, Архангайг айраггүйгээр, Ховдыг гол нэрийн брэнд тарвасгүйгээр төсөөлж болохгүй. Түүнчлэн Өмнөговийн алдарт улаан лооль ч байна. Цар тахалтай ч холоос зорин ирсэн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид сэтгэл хангалуун байгаагаа нуусангүй. Тухайлбал, 20-иод жилийн хугацаанд хүнсний өргөн болон нарийн ногоо тариалж буй Төв аймгийн Борнуур сумын ногоочин Н.Оюунчимэг өдөрт хамгийн багадаа 500 мянган төгрөгийн ногоо борлуулж байгаа гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Бид ногоогоо ченжид хямд үнээр өгөөд буцдаг нь үнэн. Гэхдээ энэ удаа “Намрын ногоон өдрүүд”-д зорьж оролцсондоо сэтгэл хангалуун байна. Иргэдийн худалдан авалт ч сайн байна. Миний хувьд төмс, байцай, луувангаас эхлээд 10 гаруй нэр төрлийн ногоотой хотод ирлээ. Хямд үнэтэй учраас иргэд ч сэтгэл хангалуун байгаа нь харагдлаа. Сайхан байна” гэв. Өмнөговийн улаан лоолийн амтыг иргэд хэдийнэ мэддэг болсон. Өнгөрсөн жилийнхээс үнийн хувьд бага зэрэг нэмэгдсэн ч иргэд ихээр худалдан авч байлаа. Мэдээж алтайн хөх арвайг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгвэл нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрлэгчдээс “Талх чихэр”-ийнхэн “Амтлаг” нэртэй гурван төрлийн булочка, “Сүү” компанийнхан “Шимт” сүүгээрээ оролцож байна. Өөр нэг бүтээгдэхүүнийг онцолбол “Нандин” брэндийн бага насны хүүхдүүдэд зориулсан дуугардаг цагаан толгойн 35 үсэг, тоо бүхий ном, зурагт хавтас байв. Бага насны хүүхдүүдэд дээрх брэндийн бүтээгдэхүүн таалагдсан.
Гэхдээ иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг зарим брэнд харагдсангүй. Тухайлбал, Хэнтийн Биндэр, Дадалын цэвэр болон жимстэй цөцгий, Сэлэнгийн утсан загас, том талх, Хөвсгөлийн дарсан цагаан загас зэрэг нь харагдсангүй. Түүнчлэн зэрлэг жимс бага хэмжээгээр байсан бол хуш модны самар байсангүй. Мөн жил жилийн “Намрын ногоон өдрүүд”-д шар айргийн танилцуулга, худалдаа хэрэглэгчдийн таашаалд зүй ёсоор нийцдэг. Харин энэ удаад байсангүй. “Намрын ногоон өдрүүд”-д ирээгүй брэндүүдийг сурагласан, эрж хайсан иргэд цөөнгүй байсныг энд зориуд дурдъя. Нутаг нутгийн брэндүүд ченж дамжихгүй, дамласан үнэ төлөхгүй, үйлдвэрлэгчийн гараас шууд худалдаа хийж байгаа нь таалагдлаа.
 
ГУРВАН ӨДӨРТ 214.5 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ
 
Энэ жил төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоосоо хангана. Харин илүүдэл ногоог ашиглах зорилгоор Төв аймагт цардуулын үйлдвэр барихаар ажиллаж байгаа юм. Хүнсний ногоочид Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдан хоршоо хэлбэрээр ажиллаж, энэ жил хураан авсан ургацаа нийслэлчүүддээ борлуулж байна. Монгол ногоо төслийн хүрээнд саримс, байцай, сонгинын тариалалт нэмэгдсэн, түүнээс гадна энэ хавар ногоочдодоо үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгосон нь том дэмжлэг болж чаджээ. Ногоочдод хамгийн тулгамддаг асуудал бол зоорь агуулах байдаг. Тиймээс тариалангийн бүс нутагт Польшийн хөнгөлөлттэй зээлээр зоорь барихаар шаардлагатай зохион байгуулалт хийж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд нийт 310 гаруй аж ахуйн нэгж, 140 орчим иргэн оролцож долоон өдрийн турш өөрсдийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй сурталчлан борлуулж байгаа бөгөөд маргааш өндөрлөх юм. Тоон дүнгээс харвал есдүгээр сарын 16-нд 24.5 сая, 17-нд 79 сая, 18-нд 111 сая гээд гурван өдрийн турш нийтдээ 214.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, “Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээлийг олгосон. Ингэснээр үндэснийхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг цар цахлын хүнд үед ажлын байраа хадгалахад нь том дэмжлэг болсон юм. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гар ариутгагч, Монголын уламжлалт “Мана 4”, “Норов 7” тан үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж буй “Одь-тан” компанийн хувьд Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авч 20 ажлын байр бий болгосон байна.
 
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.35.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.