Ерөнхийлөгчийн НҮБ-ын чуулганд хэлсэн үгээс онцлох 12 эшлэл
Үйл явдал
/
2021-09-24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 23 минутын турш үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

Монгол Улс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд биечлэн оролцоогүй байсан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгээс онцлох 12 эшлэл:

  1. Манай гарагийн өнцөг булан бүрт эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө амь хайргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон тэргүүн шугамын албан хаагчдад талархал илэрхийлье.

 

  1. Хүмүүс бид бие биенээ ялгаварлан гадуурхах биш, харин хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа энэхүү аюулт цар тахал өвчнийг хамтын хүчээр хэрхэн ялж гарах талаар бодох ёстой.

 

  1. Ирээдүйн дэлхийн хөгжлийн үзэл баримтлал нь ногоон, хүртээмжтэй нийгэм эдийн засгийн хөгжил байх төдийгүй эрүүл мэнд суурьтай байх, эрүүл мэндийн дипломат ажиллагааг хөгжүүлэх бодит шаардлага шинээр бий болж байна. 

 

  1. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.
  2. Монголчууд бид мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян гэж ярьдаг. Тиймээс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.
  3. Цаашид бид дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй урьд урьдынхаас илүү идэвхтэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, уламжлалт амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг баримтлах болно.

 

  1. Бид далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцлог байдал, ашиг сонирхлыг хангахын төлөө урьдын адил тууштай ажиллахын зэрэгцээ Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болохыг зорьж байна.

 

  1. Таван тивийн улс, үндэстний энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх НҮБ-ыг монголчууд бид туулсан нэгэн жарны маань итгэлт нөхөр, туулах олон жарны маань өмөг түшиг хэмээн хардаг.

 

  1. Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн гурван тив дэх НҮБ-ын энхийг сахиулах 13 ажиллагаанд 20 орчим мянган цэнхэр дуулгатнаа оролцуулаад байгаа билээ. Цаашид Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг шинээр оролцуулахаар төлөвлөж, ажиллагааны газар оронд илгээх бэлтгэлээ базааж байна.

 

  1. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.

 

  1. Монголчууд бид дайны эсрэг оюун санаа, сэтгэлгээний дархлааг хүн төрөлхтөнд тогтоох зорилгоор дэлхийн 30 гаруй орны 100 гаруй сая хүн татагдан оролцож, олон сая хүний амь насыг аймшигтайгаар авч одсон хөнөөлт Дэлхийн II дайн дууссан 9 дүгээр сарын 2-ны өдрийг жил бүр “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлж байна.
  2. 2020 онд цахимаар хуралдаж байсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл нь энэ жил Ерөнхий Ассамблейн их танхимдаа болж, та бид халуун сэтгэлээр уулзан учирч байгаа нь цар тахлын аюулыг бид хамтдаа даван гарна, түүнийг ялах болно гэдэг итгэл найдвар бидэнд төрүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.