Баабар: Гурван хүн өрсөлдсөн сонгуульд ДӨРӨВТ ОРТЛОО доошоо орсон нь АН-ын ЭМГЭНЭЛ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-09-29

Нэг хэсэг хоёр талд гарч зодолдоод байсан Ардчилсан намынхан УИХ-ын нөхөн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч эвлэрэлд хүрээд байгаа. Тэрчлэн үзэл санааны маргаанаас болж ам муруйсан нөхдүүд нэгдэж нэг цул Ардчилсан нам болохын тулд ээлжит их хурлаа Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 05-нд хийж М.Тулгат, О.Цогтгэрэл нарын аль нэгийг олонхийн саналаар шийдэж батламжилхаар тохирсон байна.

Улмаар 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар "Ардчилсан хувьсгалын байгуулалцсан, Ардчиллыг бэхжүүлж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг үндэслэлээр" Эрдэнийн Бат-Үүлд олгосон УЛСЫН БААТАР цол, алтан таван хошуу тэмдгийг тэрбээр "ЭЗЭНД НЬ БУЦААН ӨГЛӨӨ" би олон жил хүндэтгэн зүүлээ. Одоо жинхэнэ эзэндээ очиг хэмээн Ардчилсан намын туганд зүүсэн үйл явдал болов. Үүний дараа Ардчилсан намыг анхлан байгуулахад намын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Б.Батбаяр буюу Баабар нар үг хэлэв. Харин Да.Ганболдын хувьд Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөж буй Б.Гарамгайбаатарын сонгуулийн сурталчилгаанд явж байгаад түүнтэй хамт Улаанбаатар хот руу ирэх замдаа шатахуун дууссаны улмаас саатсан байна. Ингээд нийтлэлч Б.Баабар дараах үгийг хэллээ. 

Баабар “Ардчилсан нам тарж бутарсан нь эмгэнэлтэй гунигтай хэрэг боловч одоо эргэн нэгдэх гэж байгаа явдалд энэ намыг үүсгэн санаачлагчдын нэг, тухайн үед удирдлагын багт байсан хүний хувьд маш их баяртай байна.

1990 онд байгуулагдсан Ардчилсан намын гурван дарга болох Э.Бат-Үүл, Д.Ганболд бид гурав үг хэлэх ёстой байсан. Гэвч Д.Ганболд, Б.Гарамгайбаатар нар Хэнтийгээс наашаа ирэх замд бензин нь дууссан бололтой амжсангүй. Бид нэлээн хүлээлээ. Тиймээс Д.Ганболдынхоо өмнөөс үг хэлж байгаа юм шүү.

Ардчилсан нам бол өнөөдрийн чөлөөт нийгмийн тулгуур баганы нэг юм. Ардчилсан нам тараад унахад энэ намаас нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван хүнээс дөрөвдүгээр байрт орж байгаа нь яаж суларсныг харуулж байна. Гэхдээ АН нийгэмд ямар хүчирхэг үндэс суурьтай гэдэг нь орон нутгийн сонгуулиас харагдсан. Орон нутгийн сонгуульд монголын бүх сумын бараг тэн хагаст нь АН ялсан гэдэг нь үндэс суурь хүчтэй байгааг харуулсан явдал юм. Тиймээс эргэн нэгдэж, өнгөрсөн гомдлоо мартаад нэг хашаандаа орж, нэгдсэнийхээ дараа одоогийн эрх баригчидтай зөвшилцөн улс орноо авч явахыг гуйж байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.187.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.