ОХУ, БНХАУ-аас АИ-92 авто бензин татан авч НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ
Үйл явдал
/
2021-09-30

Манай улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа. Нийт импортын 95 хувийг ОХУ, 5 хувийг БНХАУ-аас худалдан авч байна.

Манай шатахууны гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компани Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт ээлжит техникийн засвар, үйлчилгээ хийгдэж байгаа шалтгаанаар есдүгээр сард Монгол Улсад нийлүүлэх АИ-92 авто бензиний захиалгыг 70 орчим хувиар бууруулсан. Энэ нь шатахууны хангамжийн тогтвортой байдалд нөлөөлж, АИ-92 авто бензиний тасалдал, хомстол үүссэн.

Иймд АИ-92 авто бензиний хангамжийг бусад эх үүсвэрээс хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43,440 тонн шатахуун /авто бензин 33,300 тонн, дизелийн түлш 10,140 тонн/ шатахуун худалдан авах захиалга өгсөн.

Хятад улсаас импортлох 724 вагоныг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагатай хамтран арга хэмжээг авч ажиллаж байна.

Үүний үр дүнд Хятадын тал Монгол Улс руу шатахуун тээвэрлэх 150 вагоныг тус улсын есдүгээр сарын төмөр замын хуваарьт нэмэлтээр оруулж, шуурхай хамтран ажилласан. Ингэснээр эхний 2750 тонн АИ-92 авто бензин ачсан 50 вагон есдүгээр сарын 25-ны орой Хөх хотоос хөдөлж, есдүгээр сарын 26-ны өдөр Зам-Үүд боомтоор орж ирэн шилжүүлэн ачиж дууссан.

Хоёр дахь ээлжийн АИ-92 авто бензин ачсан 50 вагон есдүгээр сарын 26-ны өдөр Хөх хотоос хөдөлсөн ба ойролцоогоор өнөөдөр 11:00-12:00 цагийн үед Эрээн боомтод ирж, үдээс хойш 17 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байна.

Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр дараагийн ээлжийн 50 вагоны ачилт хийгдэж байна. Ачиж дуусмагц Эрээн боомт руу яаралтай хөдөлгөх талаар Хятадын талын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.

БНХАУ-аас есдүгээр сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ-92 авто бензин импортоор орж ирэх юм.

Мөн ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн уулзалт, хэлэлцээрийн үеэр есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн АИ-92 авто бензиний эхний ээлж буюу 1210 тонн АИ-92 авто бензин ачсан 20 вагон есдүгээр сарын 26-27-нд  шилжих шөнө Улаанбаатар хотын Толгойт өртөөнд ирсэн. Шатахууныг агуулахууд руу хуваарилж дууссан. Үлдсэн 300 орчим тонн АИ-92 авто бензин  ачсан таван вагон замдаа явна.

ОХУ болон БНХАУ-аас есдүгээр сарын 27-20-ний өдрүүдэд нийт 9750 орчим тонн АИ-92 автобензин орж ирнэ. Энэ манай улсын АИ-92 авто бензиний ердийн найм хоногийн нөөц юм.

УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газар

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.51.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.