Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Үйл явдал
/
2021-10-07
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсаны дагуу "Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Аубакир, Б.Чойжилсүрэн нарын хамт өнөөдөр /2021.10.06/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
 
Энэхүү төсөлд Чөлөөт бүсийн тухай хуульд нэр томъёо, зүйл, хэсэг, заалт хооронд зөрчил, алдаа хийдлийг арилгах болон бусад хуультай нийцүүлэх, техникийн шинжтэй нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан.
 
Тухайлбал Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Соёрхон батлахтай холбогдуулан “хил дамнасан” гэсэн нэр томъёог “эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж өөрчлөх, чөлөөт бүсийг нээх, хаах асуудлыг тухайлсан зохицуулалтгүй байсныг Засгийн газраас шийдвэрлэдэг байхаар тусгах, Засгийн газрын аль ч бүтцэд чөлөөт бүсийн асуудал хамаарч байгаагаас үл хамааран Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх зэрэг гол өөрчлөлтүүд тусгагдсан.
 
Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулагдсанаар чөлөөт бүс, гадаад худалдааны салбарт шинэ хуудас нээгдэж, Монголын Хөгжлийн зам хөтөлбөр, Хятадын бүс ба зам санаачилгатай уялдаж, дэлхийд хоёрт орох томоохон зах зээлд Монголын иргэд, аж ахуйн нэгжүүд экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг эрхлэн түүнийг дагасан байнгын ажлын байр олноор бий болж, худалдаа, шинэ төрлийн үйлчилгээний салбарууд нээгдэж, банк санхүү, аялал жуулчлал, холимог тээврийн сүлжээнд холбогдох зэрэг олон боломж нээгдэж бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.147.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.