Д.Өнөрболор: Х.Ганхуяг гишүүн таныг хөрөнгө оруулалтын тухай хуульд САНААТАЙГААР өөрчлөлт оруулахыг санаархсан хэмээн ХАРДАЖ байна
Үйл явдал
/
2021-10-12

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "та ёс зүйтэй байж олон нийтэд, нийгэмд, иргэдэд хариуцлагагүй үйлдлийнхээ талаар зөв ойлголт өгч тайлбар хийхийг би УИХ-ын гишүүнийхээ хувиар Х.Ганхуяг гишүүн танаас шаардаж байна" хэмээн мэдэгдэл хийлээ.

Бид асуудлыг илүү том агуулгаар нь, илүү шинжлэх ухаанчаар, илүү мэдлэгтэй хандах ёстой юм. Засгийн газар хөрөнгө оруулалтын тухай асуудлаар маш сайн хэлэлцсэн тайлан судалгаа байсан. Үндэслэлтэй цэгцтэй, асуудлыг олон талаас нь харж эрэмбэлсэн байсан учраас энэ хуулийн төслийг ажлын хэсэг гаргаж, Засгийн газартай энэ асуудлаа нэгтгэх нь зүйн хэрэг гэж энэ хуулийн төслийн ахлагч Х.Ганхуягт удаа дараа хэлж байсан. Гэтэл энэ хуулийн төсөл боловсруулагдах явцдаа ч тэр гишүүдийн байр суурь саналыг нэгтгэх хурал нэг ч удаа болоогүй. Энэ хуулийн төслийг байнгын хороонд оруулах гэж байна гэдгийг нийт гишүүдэд ялангуяа надад огт мэдэгдээгүй. Тийм учраас энэ асуудлыг чуулганы хуралдаанд оруулсан. Х.Ганхуяг гишүүн таны гаргаж байгаа үйлдлийн санаатай санамсаргүйг мэдэхгүй ч, санаатай гаргасан үйлдэл гэж хардаж байна. Таны хариуцлагагүй үйлдлээс болж тэр өгүүлбэрийн үг үсгийг би оруулж засаагүй, агуулгыг ч илэрхийлээгүй, миний оролцоо боломжийг хангаагүй асуудал дээр би үндэсний дайсан болоод буруутгагдаж байгаад үнэхээр харамсаж байна. Цаашдаа ийм явцуу, бохир улстөр ирээдүйдээ, улсынхаа хөгжилд санаа зовж байгаа, ард иргэдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа хүмүүсийг ингэж золиос болгодгийг та бүгд ч гэсэн харлаа. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ хуулийг санаачлагч, чиглүүлэгч, ахлагч Х.Ганхуяг гишүүн та ёс зүйтэй байж олон нийтэд, нийгэмд, иргэдэд хариуцлагагүй үйлдлийнхээ талаар зөв ойлголт өгч тайлбар хийхийг би УИХ-ын гишүүнийхээ хувиар танаас шаардаж байна.

Иргэддээ хандаж хэлэхэд өнгөрсөн Пүрэв гарагт чуулганы хуралдаанаар энэ хуулийн төслийг зөвхөн хэлэлцэх асуудлыг л гишүүд дэмжсэн. Хэлэлцүүлгийн явцад маргаан дагуулаад байгаа зүйл заалтыг өөрчлөх бүрэн боломжтой гэдгийг би цохон тэмдэглэхийг хүсэж байна. Нөгөөтээгүүр миний бие үндэсний аюулгүй байдалтай холбоотой, иргэдийн бухимдлыг төрүүлсэн хуулийн өөрчлөлтийг засаж залруулахын төлөө явна гэдгээ хэлмээр байна. Цаашдаа шаардлагатай тохиолдолд энэ хуулийн төслийг буцаан татах хүртэл санал гаргаж ажиллах болно гэдгийг албан ёсоор та бүхэнд мэдэгдье.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.117.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.