Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямар ч үндэслэлгүй
Үйл явдал
/
2021-10-12

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар тэдний саналыг авалгүй, хуулийн төслийг өргөн барилаа хэмээн мэдэгдэл хийсэн билээ.  
 
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хольж хутгаж, холбож, харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн өнгөцхөн явуулга байж болох ч иргэдэд бодит байдлаас гажуудуулсан мэдээлэл өгч, эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжлийг сааруулсан хор хөнөөл дагуулах байдлаар үргэлжлүүлж байгаад туйлын харамсалтай байна.

УИХ-ын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан цагаас эхлэн салбар бүрийн төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзаж, өнгөрсөн оны есдүгээр сард Төрийн ордонд гадаад худалдаа хөрөнгө оруулалтын Roundtable форумыг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан зохион байгуулж, 400 гаруй бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамддаг гол асуудал нь одоогийн хэрэгжиж буй хуулиар нэг хөрөнгө оруулагч 100 мянган доллароос багагүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн заалтаас болж хөрөнгө оруулалт авч чаддаггүй, тухайлбал 50/50 хувийн хамтарсан компани байгуулахад Монгол иргэн мөн адил 100 мянган ам долларын хөрөнгө оруулах шаардлага үүсдэг талаар МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим болон олон бизнес эрхлэгчдийн зүгээс санал хүсэлтүүдээ илэрхийлж байсан юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямар ч үндэслэлгүй гэдгийг онцолмоор байна.

Түүнчлэн энэ 100 мянган ам доллар бодитоор манай эдийн засагт орж байгаа эсэх нь тодорхойгүй, цөөнгүй тохиолдолд компани байгуулах үед дансандаа байршуулж байгаад эргээд татдаг, төлбөр байршуулсан мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг зэрэг далд эдийн засагт шилжсэн сайнгүй жишгүүдийн талаар ч бизнес эрхлэгчдийн зүгээс маш олон санал хүсэлтүүд ирснийг үндэслэн тоо баримт, холбогдох судалгаа, оролцогч талуудын санал зөвлөмжид тулгуурлан хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болдог босго дүнг халж, хөрөнгө оруулагч статусын виз, оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох журмаар зохицуулах өөрчлөлтийг л тус хуульд оруулсан билээ.
Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай. Хөрөнгө оруулалтын хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямар ч үндэслэлгүй гэдгийг онцолмоор байна.

Бидэнд хонгилын улс төр, далд эдийн засаг, туйлдаж ядарсан иргэд биш цаг үетэйгээ уялдсан бодлого шийдвэр, түүний үр дүнд ард иргэдийн амьжиргаа бодитоор дээшлэх, олон үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах нээлттэй боломж юунаас ч чухал гэдгийг бизнесийн салбараас төлөөлөн гарсан гишүүний хувьд, хийж бүтээх зорилготой залуу хүний хувьд, Баянгол дүүргийн 232 мянга гаруй сонгогчийг төлөөлж байгаагийн хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хуулийн төслийг хамтран санаачилсан бусад гишүүд, гэр бүл, үр хүүхдийг элдвээр заналхийлэх үйлдлүүд гаарч, маш их дайралтуудад өртөж байгаад уучлал хүсье!

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцүүлэг явуулж, иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.