Улсын ерөнхий прокурорын газар Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллана
Үйл явдал
/
2021-10-22

Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газартай өнөөдөр /2021.10.20/ ажил хэргийн уулзалт зохион байгуулж төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

     Уулзалтад Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Булганцэцэг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, тус газрын Хууль, тусгай активын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтансүх болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

     Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, ажлын байр бий болгох, тэдний үйл ажиллагааны менежментийн чадавхыг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгодог Засгийн газрын тусгай сан юм. Энэхүү зорилго, үйл ажиллагааны хүрээнд тусгай сангаас жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд зохих журмын дагуу зээлүүдийг олгосон боловч зээлийн гэрээний зөрчилтэй, эргэн төлөлт хангалтгүйн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдлууд гарч байна.

      Иймд Прокурорын байгууллага төрийн ашиг сонирхлыг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангаас зээл авсан зарим иргэн, аж ахуйн нэгжийн зөрчилтэй зээлийн асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлүүлэх, гэрээг хүчингүй болгох, хөрөнгийг санд буцаан төвлөрүүлж, төрийг алдагдалгүй болгох чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.144.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.