Д.Сумъяабазар дарга Р.Чингисийг чөлөөлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-23

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг энэ сарын 15-нд "Зайсан хилл"-д болсон Камертон хамтлагийн тоглолттой холбоотойгоор цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан гэж ийнхүү хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн байна. Одоогоор Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд хэн томилогдох нь тодорхойгүй байна. Учир нь нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэдэг аж.

Ташрамд дурдахад, цар тахлын үед хүний бөөгнөрөл үүсгэсэн дээрх тоглолттой холбоотойгоор "Зайсан хилл" цогцолборт байрладаг "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа юм.

Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зарим салбарынхны үйл ажиллагааг хязгаарлагдмал байдлаар нээн ажиллуулж байгаа. Ингэхдээ аж ахуйн нэгжийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нийт суудлын 50 хүртэл хувийн дүүргэлттэй байхаар уг гэрээнд заасан. Гэтэл энэхүү гэрээг зөрчиж, урлагийн үзвэр үйлчилгээ явуулахын дээр зарим караоке, баарууд нууцаар үйл ажиллагаа явуулсаар байгаа зөрчил илэрчээ. Нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж буй караоке, баарууд болон шөнийн цагаар нууц байдлаар ажиллаж буй бүхий л газруудыг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо. Хариуцлага тооцох механизмийг чангатган ажиллахаас аргагүй нөхцөл байдал үүсэж байна гэж мэдээлэл өгсөнийхөө дараа ийнхүү өөрөө хариуцлага үүрээд огцорч байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.189.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.