Хармагтайн бүлэг орд дахь 53,1 тонн алтны нөөцийг төр эзэмшинэ
Үйл явдал
/
2021-01-09

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Геологи, хайгуулын хэлтсийн дарга Н.Шийрэвдоржтой ярилцлаа.

Хармагтайн бүлэг ордыг улсын мэдэлд авсан тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд мэргэжилтнүүүдийн анхаарлыг татаж байна?

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ний охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс”-ын хамтарсан багийн хийсэн хайгуулаар үр дүнд Хармагтайн бүлэг ордоос холгүйхэн, “Хойд бүргэд”-д хүдрийн биетийг илрүүлсэн.

Засгийн газраас өнгөрсөн оны 8 дугаар сард хайгуулын лицензийг төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанид өгч, мөн оны 10 дугаар сард өрөмдлөг эхлэн 12 дугаар сард алтны ордын эхний хэсгийг улсын нөөцөд бүртгүүлсэн нь энэ юм. Хармагтайн бүлэг ордын ойролцоох “Хойд бүргэд” ордод 53.14 тонн алтны нөөц бүртгэгдсэн. Алтны 53.14 тонн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа. Байршлын хувьд хаана вэ?

Тавантолгойн бүлэг ордоос 57 км, Зүүнбаянгийн төмөр замаас 10км, Оюутолгойн 220 км-ын өндөр хүчдэлээс 54 км зайтай. Гидрогеологийн нөхцөл байдлын хувьд уурхай хангамжийн усны нөөцийг ашиглах бүрэн боломжтой гэдэг урьдчилсан дүгнэлт гарсан.

Цаашид хайгуулын ажил үргэлжлэх үү?

“Хойд бүргэд” алтны ордоос гадна өөр таван газарт хайгуулын ажил үргэлжлэнэ. “Бороо гоулд”-ын алтны нөөц анх 43 тонноор батлагдсан ч нөөц нь нэмэгдэж байсан. Үүнтэй ижил Хармагтайн бүлэг ордын нөөц 60 орчим хувиар өсөж, 80 орчим тоннд хүрэх боломжтой.

Энэхүү ордыг хэзээ ашиглалтад оруулах вэ?

Хармагтайн бүлэг орд дахь төрийн мэдлийн алтны ордод 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэх ТЭЗҮ боловсруулагдсан. Энэ сардаа багтаан ТЭЗҮ-ийг батлуулж, ордыг ашиглаж эхлэхээр ажиллаж байна. 4 дүгээр сараас ашиглалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн Хармагтайн орд дахь “Хойд бүргэд” алтны орд нь дэд бүтэц, усны нөөцөд ойрхон тул ашиглахад бүрэн бэлтгэгдсэн гэж үзэж байгаа.

Ордын ашиглалтын хугацааны талаар тодруулна уу?

Ордын ашиглалтыг нь урьдчилсан байдлаар 11 жил гэж тооцсон. Нийт 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Цэвэр ашиг нь 407.9 тэрбумын ашиг өгөх тооцоо гарсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.