Н.Уртнасан сайд Монгол газрын нэрийг ХЯТАД улсын ГАЗРЫН НЭРЭЭР НЭРЛЭСЭН тушаал гаргасан уу...?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-11-16

Байгаль орчин, аялал жуучлалын сайд Нямжавын Уртнасан нь өөрт оногдсон эрх мэдлээ хэтрүүлэн, хууль тогтоох дээд байгууллагын эрх хэмжээнд халдсан, улмаар улс үндэстний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц нэгэн тушаал гаргажээ. Энэ талаар Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Сайд Н.Уртнасан УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Түүнд газар нутгийн нэрийг дур мэдэн өөрчлөх эрх байхгүй. Зүүн гарын говь гэж Монгол улсын газар нутгийн нэршилд байхгүй. Энэ бол Хятад улсын хил орчимд байдаг нэршил. Ингэж улс үндэстний аюулгүй байдалд хохирол учруулахаар хууль бус зүйл хийж болохгүй. Би чуулганы хуралдаанд энэ тухай онцолж хэлсэн. Үндсэн хуулийн цэцэд хандана” гэсэн юм.

Н.Уртнасан сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн А/45 тоот тушаалдаа Говь-Алтай, Ховд аймгийн нутагт орших Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийг хариуцдаг хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгон өөрчилж, Ховд аймагт байрлуулах тухай тусгажээ. Энэ тушаал нь “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах газар зүйн нэрийг Засгийн газар нэгтгэн УИХ-аар батлуулна” гэж Монгол Улсын зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг заасныг зөрчиж, Засгийн газрынхаа бүрэн эрхээс давж, хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд шууд халдсан ТУШААЛ болжээ.

Тэрчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд ч салбарын сайд нь тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааг шилжүүлэх, нэрийг өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй байна. Ийм төрлийн хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.16-т заасны дагуу гурван жил хүртэлх хугацаагаар ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ гэж заасан байна.

Эрхэм сайд Н.Уртнасан энэ мэт алдаагаа засаж залруулахгүй бол ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээж мэдэхээр байна. Сайдын тушаалд бичсэн “Зүүн гарын говь” гэдэг нь БНХАУ-ын хил орчим, ӨМӨЗО-ны Баликунь хошуу, ХАМИ АЙМАГ, ИХ ХОШУУ орчимд  Шинжань бүс нутагт хамаарах уудам цөл, говийг дүрсэлсэн байдаг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.220.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.