Сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ
Үйл явдал
/
2021-03-20

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 2021 оны 3-р сарын 19-ний өдрийн УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөдөө аж ахуйн салбарын 2021 оны өвөлжилтийн хүрээнд хийсэн ажил, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

Өвөлжилт, хаваржилтын хүрээнд хийсэн ажил

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган, Засгийн газраас 2020-2021 оны өвөлжилт, хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд:

  1. Засгийн газрын 2020 оны “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” 212 дугаар тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймагт  Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан, нийт 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэн, малчдад өвс, малын тэжээл олгох ажлыг амжилттай зохион байгуулав.
  2. Засгийн газрын 2020 оны “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”  213  дугаар  тогтоолоор  Дэлхийн банкны  санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5.0 сая ам.долларын эх үүсвэрээр Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн нийт 45750 малчин өрх болон отор нүүдэл хийж буй малчин өрх бүрт 300,000 төгрөгийн малын хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, тэжээл тээвэрлэлтийн ажил 2021 оны  3-р сарын 12-ны өдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй, үүнээс Баянхонгор аймагт 68, Говь-Алтай аймагт 100, Өмнөговь аймагт 100, Өвөрхангай аймагт 54, Дундговь аймагт 92 хувийн гүйцэтгэлтэй ажлын зохион байгуулалт хийгээд байна.
  3. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2-р сарын 17-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл импортлох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдэлийг буруулах боломж бүрдсэн.
  4. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 12-р сарын 04-ний өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн  өртгийн албан татвараас  чөлөөлөх тухай” хуулиар мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлсэн болно. Ингэснээр мал, амьтны бүх төрлийн тэжээл импортлох чиглэлээр 65 аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ байгуулж, 2021 оны хавар мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай 120 орчим мянган тонн тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлсэн. Мөн нийт 30 гаруй мянган тонн мал, амьтны бүх төрлийн тэжээл импортолж, 25 кг савлагаатай улаанбуудайн хивгийн дундаж үнэ 19465 төгрөг байсан бол 17965 төгрөг болж 8 орчим хувиар бууруулсан. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 1200, Дорнод аймагт 200, нийслэлд 300, нийт 1700 тонн өвсний нөөц байна.

Малын зүй бус хорогдол

2021 оны 3-р сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 674.6 мянган /малын төрлөөр авч үзвэл тэмээ 4.6 мянга, адуу 29.8 мянга, үхэр 54.7 мянга, хонь 216.4 мянга, ямаа 369.0 мянган/ толгой мал хорогдож, үүнээс Архангай 34.0 мянга, Баянхонгор 344.9 мянга, Говь-Алтай 43.8 мянга, Дундговь 33.5 мянга, Өвөрхангай 62.0 мянга, Өмнөговь 29.9 мянга, Төв 37.2 мянга, нийт 585.5 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 86.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой Баянхонгор аймагт 344.9 мянган мал хорогдсон бөгөөд улсын хэмжээний нийт хорогдлын 50.0 хувь, аймгийн оны эхний малынхаа 10.0 хувийг алдсан байна.

3-р сарын 13-15-ны өдөр салхи ихэнх нутгаар секундэд 16-24 метр, зарим үед секундэд 32-40 метр хүрч, шороон болон цасан шуурга 1-10 цагийн хугацаатай шуурч цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэл боллоо. Нийт 16 аймгийн 154 суманд 531 гэр, 2244 хашаа саравч нурж, 283 байшингийн дээвэр хууларч, 2542 толгой мал хорогдсон урьдчилсан дүн гарсан байна.

Цаг агаарын болзошгүй эрсдэлийг бууруулах шаардлагатай

Энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээтэй байгаа бөгөөд 19, 20-нд ихэнх нутгаар хүйтрэхээр байгаа нь хаваржилтыг улам хүндрүүлэх эрсдэлтэй байна. 4-5-р сард агаарын дундаж температур зүүн болон говийн аймгуудаар олон жилийн дунджаас дулаан байх бол, бусад нутгаар дунджийн орчим байх, хур тунадасны хувьд Хангайн нуруу болон Их нуруудын хотгороор олон жилийн дунджаас бага, 5-р сард төв, зүүн болон говийн бүсийн зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Мөн 4-р сард ихэнх нутгаар хүчтэй салхилж, салхины хурд зарим газраар 15м/с–ээс дээш болж ширүүсэн шороон шуурга шуурч болзошгүй бөгөөд 5 болон 6-р сарын эхээр хуурайшилт ихтэй байх төлөвтэй байгаа тул аймгийн хэмжээнд болзошгүй эрсдэлийг бууруулах, хүчтэй салхи шуурга, цаг агаарын аюулт үзэгдлийг иргэдэд эрт зарлан мэдээлэх ажлыг эрчимжүүлж, гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна.

5.2 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна

2021 оны 3-р сарын 15-ны өдрийн байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая  толгой мал  бусад аймаг /Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ/-ийн нутагт отроор, Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2  сая толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна.

Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын 2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу 2021 оны 4-р сарын 1-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээг орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжилтийг зохион байгуулна.

“Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих” тухай албан даалгаврыг аймгийн Засаг дарга нарт хүргүүлэн, бэлтгэл ажлыг хангаж байна.

Бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд 2020 онд бэлчээрийн ургац муу байснаас 2020-2021 онд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Булган аймгийн бэлчээрийн ургамлыг үлийн цагаан оготнын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 4-5-р сард зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ханган ажиллаж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед газар тариалангийн салбарт хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд газар тариалангийн салбарт чамлахааргүй ажлын амжилт гарлаа.

Өнгөрсөн онд нийтдээ 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо, 21.3 мянган тонн тосны ургамал, 171.7 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр хэрэгцээт улаанбуудайн 83 хувь, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 46 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлсэн болно.

Гурилын дутагдал гарч, үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүллээ

“Ковид-19” цар тахлын үед үүссэн нөхцөл байдалтай уялдуулан дараах арга бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд:

  1. Хүнсний улаанбуудайнд импортын зөвшөөрөл олгож, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласнаар ОХУ-аас 156.2 мянган тонн хүнсний улаанбуудай импортоор нийлүүлэгдэж, 2021 оны ургац хураалт хүртэл хүнсний улаанбуудай, гурилын дутагдал гарахгүй, үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.
  2. Улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан гурван аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт ОХУ-аас 1200 тонн улаанбуудайн үрийг хүлээн авч 3450 тонн үрийг ойрын хугацаанд хүлээн авах бэлтгэл ажлыг хийж байна.
  3. 2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж  ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
  4. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс 100.0 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг Хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байна.

8.5 мянган тонн багтаамжтай хүнсний ногооны агуулах байгуулна

Бүгд найрамдах Польш Улсын Засгийн 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, дагалдах 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

ОХУ-аас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник нийлүүлэх, Бүгд найрамдах Беларусь улсаас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр санал боловсруулан ОХУ болон БНБУ-ын талд хүргүүлж хамтран ажиллаж байна.

Бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт нэг га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд  1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг тус тус  50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний үр дүнд  усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэх боломжийг бүрдүүлнэ.

“Өрхийн тариалан” хөдөлгөөн 10.5 мянган өрхөд дэмжлэг үзүүлнэ

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.  Энэхүү хөнгөлөлт дэмжлэгт урьдчилсан байдлаар нийслэл, орон нутгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөж байна.

Улсын төсвийн 300.0 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлж, өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар нэмэгдүүлэн, төв суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

“20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй” байгуулах төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд томоохон уул уурхайн компани, олон улсын байгууллагуудад танилцуулж санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 55.0 сая төгрөгийн санхүүжилтээр нэг аймагт суулгац үржүүлгийн төв байгуулж дотоодын суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Жайка олон улсын байгууллагын санхүүжилтээр “Монгол чацарганын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, экспортыг дэмжих” туршилтын төсөл хэрэгжүүлж чацарганын өрсөлдөх чадварыг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилтын хүрээнд тариалангийн үйлдвэрлэлд 2021 онд ашиглаж болох химийн бордоо, ургамал хамгааллын бодисын нэр төрөл, тоо хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлд хадгалалт, борлуулалтын цогцолбор байгуулна

Нийслэл хотод байгуулагдах 16.0 мянган тоннын багтаамжтай, 90.0-100.0 мянган тоннын эргэлтийн нөөцтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн дэд бүтэц, цахилгаан, шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байна.

 

  
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.