Хүнсний системийн өөрчлөлт: Хүн ба гарагийн эрүүл мэндийн төлөөх залуучуудын инноваци” арга хэмжээ боллоо
Үйл явдал
/
2021-08-13

 НҮБ-аас зарласан “Олон улсын залуучуудын өдөр”, “Залуучуудын хөгжлийн сар”-ын кампанит ажлын хүрээнд "Хүнсний системийн өөрчлөлт: хүн ба гарагийн эрүүл мэндийн төлөөх залуучуудын инноваци" арга хэмжээ цахимаар болж тус үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцлоо.
 
НҮБ-ын Ерөнхий ассемблейн 1995 оны хурлаас жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан нь шийдвэр гаргагчид болон бүх нийтийн дунд залуучуудын хөгжлийн асуудалд анхаарал хандуулахад чиглэдэг билээ. Жил бүр тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг “Олон улсын залуучуудын өдөр”-ийг энэ жил хүнс, хөдөө аж ахуйн салбартай холбоотой буюу "Хүнсний системийн өөрчлөлт: Хүн ба гарагийн эрүүл мэндийн төлөөх залуучуудын инноваци" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Мөн Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас "Монголын залуучуудын өдөр”-ийг жил бүрийн 8 дугаар сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-т заасны дагуу аюулгүй, тэжээллэг хүнс сонгож хэрэглэх, хүнснээс шалтгаалсан өвчлөл, хордлогоос урьдчилан сэргийлэх дадлыг төлөвшүүлэх “Э-4” (эрүүл, эрдэмтэй, эрч хүчтэй, эвсэг) цахим дугуйланг байгуулж, залуучуудыг хамруулах; залуучуудад зөв хооллолтын зарчмыг эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын дэргэд хүнсний ногоо, жимс, цэцгийн ногоон байгууламж байгуулах санаачилгыг дэмжих; залуучуудын боловсролын чанарт анхаарч, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд  нийцүүлэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, хүнсний, худалдаа, нийтийн хоолны салбарт ажиллах залуучуудыг олон улсын стандартад нийцүүлэн сургаж бэлтгэх, сургалтын тэтгэлэг олгох, ажиллаж байгаа залуучуудыг гадаад, дотоодод туршлага судлуулан менежментийн болон технологийн сургалтыг зохион байгуулж, тасралтгүй чадавхжуулах, нарийн мэргэжлээр өндөр хөгжсөн оронд давтан сургах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын 33 хувь нь ажиллаж байна.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тус үйл ажиллагааны үеэр "Хөдөө аж ахуйн салбарт малчид, тариаланчдын залуу халааг бэлтгэх, энэ салбарт залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хаврын тариалалт, ургац хураалтын ажилд оюутан, залуусыг татан оролцуулах, илгээлтийн эздийг бэлтгэх, их дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Залуучууд маань өмнөх үеийн залгамж халаа болж, мэдлэг, туршлага хуримтлуулахаас гадна техник, технологийн эрин үеийн хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлэн, хүнс, хөдөө аж ахуйн салбарын инноваци, хөгжлийг хөтлөгчид юм. Цаашид НҮБ-тай хамтран залуучуудын өдөр, хөгжлийг дэмжих сарын кампанит ажлын хүрээнд тус яамны зүгээс бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэхэд бэлэн байна" гэсэн юм.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.21.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.