Ф.Кишида: Япон, Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-25

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож буй. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар баярын цахим мэндчилгээ солилцсон юм.

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн мэндчилгээг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Эрхэмсэг ноён Г.Занданшатар, Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Л.Оюун-Эрдэнэ Танаа Монголын ард түмэнд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ойг Та бүхэнтэй хамтдаа угтаж байгаадаа туйлын баяртай байна. Өдгөө Япон, Монгол хоёр улс нь эрх чөлөө, ардчилал, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий "Стратегийн түншлэл"-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж байна. Хоёр улсын хооронд төр засгийн өндөр, дээд түвшний айлчлал тогтмол хэрэгжүүлж, улс төр, аюулгүй байдал зэрэг олон чиглэлийн уулзалт, яриа хэлэлцээ зохион байгуулж, тууштай, нягт харилцаа холбоотой ажиллаж байгаа билээ. Хоёр улсын хамтын ажиллагаа бүс нутаг, олон улсын тавцанд ч жил ирэх тусам улам бүр гүнзгийрэн хөгжиж байна.

Спорт, соёлын салбар дахь Монголын сүмо бөхчүүдийн амжилтын замнал төдийгүй Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар япон хүн томилогдон ажиллах зэргээр харилцаа, холбоо улам бүр бэхжин хөгжиж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Өнгөрсөн оны долдугаар сард нээлтээ хийсэн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Япон, Монгол Улсын хамтын ажиллагааны нэгэн шинэ бэлгэ тэмдэг болж буй юм. Энэхүү нисэх буудлын бүтээн байгуулалтыг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн Албан Ёсны /ХАЁТ/-ийн шугамаар хийсэн бөгөөд менежментийн үйл ажиллагаанд Японы аж ахуйн нэгж, компаниуд оролцон ажиллаж байна. 2022 онд манай хоёр улс харилцаагаа илүү ахисан түвшинд хүргэхийг зорьсон, ирэх 50 жилийн түүхийн шинэ хуудсыг эхлүүлэх жил болж байна.

Миний бие энэхүү түүхийг Та бүхэнтэй хамтдаа бүтээх чин хүсэлтэй байна.

Баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.169.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.