Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны зээлдэгч нартай уулзсаны дараа САЙД, ДЭД САЙДУУД утасдаж ДАРАМТАЛЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-26

Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн шийдвэрээр Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг аваад 14 хоног болж байна. Энэ хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулахад анхаарч ажиллалаа. Мөн Хөгжлийн банканд өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлээ. Ерөнхий сайдын зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй байх чиглэл өгсөн. Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим төгрөгийн үнийн дүн бүхий. Хамгийн удаан гэвэл Монгол драйв милктэй холбоотой хэрэг 886 хоног анхан шатны шүүхэд хугацаа алдаад явж байна. Хоёрдугаарт Эрэл компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдээгүй удаа дараа хойшлогдож байна.

Ямар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтад тулгуурласан байх ёстой. Зээл төлүүлэх ажиллагаанд нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх баримтын бүрдүүлбэр дутуу байна. Иймээс нотлох баримт устгагдсан эсэх талаар шалгалт явуулахад 47 зээлийн материалын зээлийн бүрдүүлбэр дутуу, ажилчид баримт бичиг хүлээлцэхдээ устгагдсан зөрчил гарсан.

АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн нэр мэдээллийг өгч байгаа. Ихэнх зээлдэгч нарын тохиолдолд нэг сая төгрөгийн дүрмийн сантай үндсэн бизнесээсээ дандаа тусдаа компанид зээл олгуулсан байсан. Дансыг нь хаая гэхээр ямар ч гүйлгээ хийдэггүй. Охин компаниараа дамжуулан гүйлгээ, борлуулалт хийдэг. Бизнесийн холбоог нь хөөж үзэхээр ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс нь ил болж байгаа юм. Ерөнхий сайдын зүгээс улс төрөөс хараат бус ажиллах үүрэг өгсөн. Бид энэ дагуу ажиллаж байна. Хэрвээ шаардлага гарвал бидний ажилд саад болж нөлөөлж байгаа хүмүүсийн нэрсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.

Зарим зээлдэгч нар зээлээ зориулалтын бусаар зарцуулсаны дараа ковидыг далимдуулж гэрээний зөрчлийг арилгахаар оролдож, үйл ажиллагаанд саад болохоор оролдож байна. Эдгээр зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх шаардлага тавьж байна. Харин нийтлэг хүсэлт бол хугацаа сунгах, валютын төрлөө өөрчлөх. Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, зөрчилгүй зээлдэгч нар хугацаа сунгах, валютын төрлөө өөрчлөх боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.168.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.