Н.Анхбаяр: Нутгийнхаа ОЮУТНУУДЫГ ОРХИСОН Элчин сайдад ХАРИУЦЛАГА ТООЦНО
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-01

Гадаад харилцааны яамнаас Украин дахь иргэдийг татан авах ажлын талаар мэдээлэл хийлээ.  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Хоёрдугаар сарын 24-нөөс хойш 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан. Үүнээс гурван иргэн өчигдөр Монголд ирсэн. Харьковт байгаа иргэдээс 15 нь гуравдугаар сарын 3-нд Монголд ирнэ. Украин Польш улсын хил дээр найман иргэн ирсэн бөгөөд Элчин сайдын яамны ажилтнууд хилийн зурвас руу орж авахаар ажиллаж байна. Ингэснээр Харьков хотод 23 хүн байна. Үүнээс 18 нь оюутан бөгөөд 12 эрэгтэй, зургаан эмэгтэй бий. 

Оюутнууд бүгд хоргодох байранд байгаа. Нөхцөл байдал тэнд маш хүнд байна. Эдгээр хүнийг татаж авах ажил дээр төвлөрч байгаа. Гадаад харилцааны яам тэд хоногийн дотор оюутнууддаа хоол хүргэж өгнө гэж хэлж чадахгүй. Аль ч улсын гадаад яам үүнийг тодорхойлж чадахгүй байна.  Тус чиглэлээр Элчин сайдын яамдтай байнга мэдээлэл солилцож байгаа. Харьков хот руу орох гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Олон улсын Улаан загалмай нийгэмлэг тусламж оруулах гээд чадахгүй байгаа. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай бид холбоотой ажиллаж байна. Тусламж үзүүлэх тал дээр болон аюултай бүсээс аюулгүй бүс рүү иргэдээ гаргаж авах тухайд ажиллаж байгаа юм. Хариуцлагын асуудал яригдана. Украинд 150 орны 78,000 оюутан суралцдаг. Харин Харьков хотод нэр хүндтэй 12 орчим сургууль байдаг" гэлээ. 

Оюутнуудын нөхцөл байдал ямар байна вэ. Олон Улсын байгууллагын тусламж дэмжлэг бий юу?

-Оюутнууд бүгд хорогдох байранд байгаа. Харьков руу орох гарах бүх хөдөлгөөн хаагдсан. Тусламж дэмжлэг оруулах гэхээр боломжгүй байна. Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллаж байна. Ингэхдээ тусламж өгөх, мөн аюултай бүсээс аюулгүй бүс рүү оруулах асуудлыг ярьж байна.

-Хариуцлагын асуудал яригдах уу. Оюутнууд нутаг буцах хүсэлтээ өгсөн ч албан бичиг хийж өгөөгүйн улмаас гацсан байна?

-Хариуцлагын асуудал Элчин сайд болон тодорхой албан тушаалтнуудад яригдана. Гэхдээ нэн тэрүүнд оюутнуудаа аврах нь чухал байна.

-Оюутнуудтай холбогдож байгаа юу. Холбоо тасрах эрсдэл бий?

-Байнга холбогдож байгаа. Гэхдээ сүлжээ тасрах магадлал бий. Хэрвээ холбоо тасарвал хаана байж болох вэ гэдэг асуудлаар оюутнуудтай байнга холбогдож ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.233.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.