“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр манлайлан оролцохоо илэрхийллээ
Үйл явдал
/
2022-02-27

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг Орхон аймаг дэмжиж “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. 2030 он хүртэл 20 сая мод тарих энэхүү хөтөлбөрийг ямар арга замаар, хэрхэн хэрэгжүүлэх талаар байгаль орчны мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл санал бодлоо солилцож, тодорхой бодлого шийдвэрт хүрэхээр өнөөдөр Эрдэнэт хотод зөвлөлдөж байна. 

      Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон дэмжиж, 100 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна, гээд газрын хэвлийн баялгийг үндэсний баялаг болгон хувиргах үүрэгтэй уурхайчид байгаль орчин, ногоон хөгжлийн асуудалд нэн ухамсартай ханддагаа илэрхийлсэн юм. 

Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, УИХ-ын гишүүн Д.Батлут тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин хүчтэй явагдаж байгаагаас хамаарч гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг мөслөг хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж жилээс жилд нэмэгдсээр байна. 2020 оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120 сая га газрын төлжилт газрын доройтолд өртөж байна. Цөлжилт, газрын доройтлын 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөллөөс үүсэлтэй” гэдгийг онцоллоо. Цөлжилтийн үнэлгээгээр Орхон аймаг 27.3 хувь нь газрын доройтолд дунд, сул өртсөн тооцоо судалгаа гарчээ. Хөрсний бохирдлын хувьд цайрын агууламж Орхон аймгийн зарим хэсэгт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-2.4 дахин их тооцоо судалгаа гарсныг ч хэлсэн. 

Харин Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, “Орхон аймаг 84.4 мянган га газар нутагтай. Үүнээс ойн сан бүхий газар 21.9 хувийг эзэлж байна. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж 35.3 га, хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж 15.1 га байгаа нь нэг хүнд ноогдох байгууламжийн хэмжээ 4.5м бөгөөд энэ нь улсын дундаж үзүүлэлтээс 0.3 м-ээр бага байгааг мэдээллээ. 2021 онд бүх нийтийн мод тарих аянаар 153 мянган мод, ойн нөхөн сэргээлтээр 75 мянган мод тарьсан нь улсын хэмжээнд хамгийн олон мод тарьсан аймаг болжээ. Түүнээс гадна "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр 200 орчим иргэнийг сургагч багшаар бэлтгэн цаашид сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн 2030 онд хүртэл 20 сая мод тарих ажлын хүрээнд ойн зурвас, ойн төгөл, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг хийхээр мэргэжлийн байгууллагууд төлөвлөлт хийснийг энд танилцууллаа. Орхон аймаг энэ онд "Ногоон Эрдэнэт" хөтөлбөр хэрэгжүүлэхэд 100 сая төгрөг зарцуулах юм. 

Аймгийн агаарын болон хөрсний бохирдлын гол шалтгаан нь нийт айл өрхийн 81 хувь нь гэр хорооллын багуудад амьдарч байгаатай холбоотой. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас дэгдэж буй цагаан тоос нөлөөлж байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлсэн. Иймээс орчны бохирдлыг бууруулах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулахаар "Ногоон Эрдэнэт" хөтөлбөр хэрэгжих болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн. Орхон аймаг Азийн хөгжлийн банктай хамтран "Агаарын чанарыг сайжруулахтай холбоотой мэдлэг, үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж, улмаар сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжих, халаалтын технологи нэвтрүүлэх, хотын дулаан хангамжийн дэд бүтцийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Мөн Эрдэнэт хотын үерийн далан, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, гэр хорооллын зарим багийн иргэдийн найдвартай цэвэр усны хангамжийг сайжруулахаар "Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал" төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банктай, Хог хаягдлын менежментийг сайжруулж, хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БНПУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр "Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах" төслийг "Ногоон Эрдэнэт” хөтөлбөртэй хамтатган хэрэгжүүлнэ. Ингэснээр Орхон аймаг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, байгалийн унаган төрхийг сэргээх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаагаа аймгийн Засаг дарга илтгэлдээ дурдсан. 

УИХ-ын гишүүн Д.Батлут, “Тайрсан мод, тарьсан модны тоо тэнгэр газар шиг зөрүүтэй. Энэ зөрүү ихсэх тусам уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, сав шимийн ертөнц доройтож, дэлхийн дулаарал, цөлжилт явагдаж байна. Үүнийг өөрчлөх хойшлуулшгүй сорилт бидний өмнө тулгараад байна. Зөвхөн сүүлийн 30 жилд гэхэд Орхон аймгийн агаарын дундаж хэм 1.8 хэмээр нэмэгдсэн судалгаа бий. Бид мод тарихдаа юуны өмнө мод үржүүлгийн газруудыг дэмжих хэрэгтэй. Үүний цаана ажлын байр нэмэгдэнэ. Мод тарих үйл ажиллагааг жижиг бизнесийн өргөн талбар гэж харах хэрэгтэй” гэлээ. Мөн Жимс, жимсгэнийн агро аж ахуй хөгжүүлэхэд  иргэдийн оролцоо, санаачилга чухал гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Зөвлөгөөний үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд цагаан тоосны дэгдэл дарах ажлыг хэрхэн зохион байгуулж, ямар үр дүнд хүрч байгаа болон цаашид нэвтрүүлэх шинэ технологийн талаар танилцуулсан юм. Мөн Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрөө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гардуулж, Эрдэнэт үйлдвэртэй 10 сая, “Эрдмин” компанитай хоёр сая, “Ачит Их” компанитай 3 сая, “Зэс Эрдэнийн хувь” компанитай 1.5 сая, “Гал сэнтий” компанитай 10 мянган мод тарих  гэрээ үзэглэлээ.      

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.76.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.