МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын МЭНДЧИЛГЭЭ
Үйл явдал
/
2022-03-02

Монгол Ардын Намын гишүүд дэмжигчид, Эрхэм журмын нөхөд өө!

Монгол Улсын түүхэнд нэгэн зууны түүхийг бүтээж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 101 жилийн ой, Эх орончдын өдрийн баярын мэндийг Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье.

Монгол Ардын Намын түүх бол Монгол Улсын XX зууны хөгжил дэвшлийн түүх юм. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлэхийн төлөөх шаргуу тэмцэл, улсын их бүтээн байгуулалт, ард иргэдээ соёл, боловсрол, ахуйн шинэ түвшинд гаргасан нөр их хөдөлмөр зүтгэл, Монгол улсаа дэлхий ертөнцөд тунхаглан таниулсан амжилтын түүх билээ.

Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж, Монгол эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө алтан амь, бүтэн амьдралаа зориулсан эх оронч баатарлаг дайчдаа мэхийн хүндэтгэе. Монгол Улсын түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулалтын үйлсэд залуу халуун нас, сэтгэл зүрхээ зориулсан эрхэм хүндтэй ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Зуун жилийн турш эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ, тусгаар тогтнолын багана болж ирсэн Ардын намын түүхийн үнэ цэн цаашид ч бүдгэрэх учиргүй ээ.

Бид Шинэ зуун, шинэ эхлэлийн босгон дээр намынхаа 30 дугаар их хурлаа хуралдуулж Эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн социал демократ үзэл баримтлалтай улс төрийн байгууллага гэдгээ тодотгон тунхаглалаа.

Монгол Ардын Нам социал демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитой хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж, хуульчлан хамгаална. Эрх баригч намын хувьд цаашид хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах замаар хүний эрх, эрх чөлөөнд халддаг бурангуй явдлыг даруй арилгахын төлөө хатуу зогсох болно.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол хүний амьдралын чанарыг сайжруулж, нийгэмд шударга ёсны засаглалыг бий болгоход ихээхэн саад дөнгө болж байна. Төрийн байгууллагуудын хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан, авлигачдад давуу тал бий болгож, шударга иргэдийг хохироож байгаатай бид эвлэрэх ёсгүй.

Иймд бид шинэ зууны эхэнд улс төрийн үзэл баримтлалаа илүү тод томруунаар тунхаглаж, хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх, хүнд суртлыг арилгах дэвшилтэт бодлогуудаа тодорхойлон хэрэгжүүлж эхэллээ.

Улс орныхоо шинэ зууны хөгжил дэвшлийн төлөөх Монгол Ардын Намын дэвшилтэт бодлогуудыг хэрэгжүүлж, тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахын төлөө хүчээ нэгтгэе!

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Д.АМАРБАЯСГАЛАН

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.98.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.