"Худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд жилийн 360%-ийн хүүтэй өдрийн зээлд дарлуулж байна. Бидэнд баярлах шалтгаан алга"
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-09

Худалдаа үйлчилгээний салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдөр Төв талбайд хагас нүцгэн жагсаал зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийллээ. Тэд худалдаа эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахыг шаардан жагсаж буй гэдгээ илэрхийлсэн юм.

Энэ талаар Монголын худалдаачдын холбоо ТББ-ын тэргүүн Э.Урантөгс “Манай холбооноос худалдаа эрхлэгч ээжүүдийнхээ эрх ашгийг хамгаалж өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байна. Өнөөдөр эрх мэдэлтнүүд Хөгжлийн банк, ЖДҮ, 10 их наяд гээд бүгдээс нь бага хүүтэй зээл аваад түүнийгээ банк бусаар дамжуулж мөнгө хүүлж байна. Гэтэл үйлчилгээний салбарынхан жилийн 160-360 хувийн хүүтэй өдрийн зээлд дарлуулж байна.

Өнөөдрийн жагсаалд энд ирсэн эмэгтэйчүүд хүнд юм өргөж явж байгаа шигээ нийгэмд ийм хүнд ачаа үүрч амьдарч байгаа. Худалдаа үйлчилгээний салбарынхныг өнчин хүүхдүүд шиг амьдарч байна. Төр худалдаачдад эрх зүйн орчныг бүрдүүлж өгөөгүй байж татвар, түрээс, торгууль гээд зөвхөн авахаа л боддог.

Худалдаачид өнөөдөр баян хүмүүсийн мөнгийг өсгөж өгдөг машин болж. Тиймээс худалдаа эрхэгч ээжүүд бидэнд баярлах шалтгаан алга. Тухайлбал, худалдаа үйлчилгээ эрхэлдэг ээжүүд өдрийн зээл авдаг. Тэр өдрийн зээл өгсөн хүмүүс өөр хүмүүсээр биднийг дарамтлуулдаг. Тэр хүмүүс нь гэр нь хүртэл очоод биеэрээ төл гэж дарамталдаг тохиолдол гардаг. Ийм асуудлаас болж гурван жилийн өмнө нэг худалдаачин ээж амиа хорлосон, өнгөрсөн өвөл дахиад нэг ээж амиа хорлосон үйл явдал болсон.

Худалдаачид өөрсдөдөө ажлын байр бий болгож байхад төрөөс дэмжиж өгөхийг хүсэж байна. Манай салбарын эмэгтэйчүүд гэр бүлдээ зарцуулах ч цаггүй хөдөлмөр эрхэлдэг. Мөн худалдаачид үйлдвэрлэгчээс гаргасан барааг эцсийн хэрэглэгчид хүргэдэг байхад Монгол Улс үйлдвэрлэлээ дэмждэг мөртлөө худалдаа үйлчилгээний салбарыг тэр чигт нь хаячихсан” хэмээн ярилаа.

Худалдаачдын төлөөлөл “Худалдаачдад бага хүүтэй зээл олддоггүй. Нэг банкнаас арай бага хүүтэй зээл авах гэхээр өндөр дүнтэй барьцаа хөрөнгө шаарддаг. Бид хөдөлмөр эрхлэхийн тулд аргагүй эрхэд өдрийн зээл авдаг. Энэ нь эргээд лангуу дээр уяатай мөнгөний боол болж амьдарч байна. Гэтэл эрх мэдэлтнүүд маш бага хувийн хүүтэй зээл аваад ашиглаад байхад бидэнд олддоггүй. Өдрийн зээлийн мөнгө хүүлэгчид эрх мэдэлтнүүдийн бага хүүтэй авсан мөнгийг хүүлж, ард түмнийг шулж байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.