Өнгөрсөн Баасан гарагт 409 дүгээр ангийг зорьж, хилс хэргээр дөрвөн жилийн ял авчхаад хоригдож байгаа хотын дарга асан Э.Бат-Үүлийг эргэлээ.
Эргэх ч гэж дээ. Нарсанд байгаа хүнийг эргэх нь наранд байгаа биднийхээс тэс өөр ойлголт. Дураар ганц ном аваачаад өгөх боломжгүй. Top дүүрэн дуртай амттаныг нь оруулах эрхгүй. Шилэн хаалтын наана цаанаас утсаар ярихыг ямар эргэлт гэх вэ дээ.
Э.Бат-Үүл баатартай уулзахаар хүлээлгийн танхимд зогсож байх зуур харуулын ажилтан "Туувар яасан бэ" хэмээн станцаараа ярив.
Хорих ангийн өрөөнөөс хоригдогсдыг эргэлтийн заал руу авчрах процессыг туувар гэдэг юм байна. Шоронгийнхны жаргон хэллэгээр ардчиллын баатар Э.Бат-Үүл тууврын замаар туугдсаар эргэлтийн заал руу орж ирлээ.
Хөх куртикнийхээ гадуур шар хантааз углачихсан, гараа даллаад сүйд. Цагаан үс нь малгайд дарагдан налмайж, жаахан жин хасаа юу даа гэж харагдана. Түүнтэй ярилцах хугацаа хорин минутын лимиттэй. Эргэлтээр очсон хоёр хүнд энэ хорин хором хаанаа ч үгүй гэдэг нь ойлгомжтой.
Харилцуураа чихэндээ сайн нааж, гадна орчны дуу чимээнээс тасрахгүй бол түүний яриа тээр цаана сонсогдоно. "3а, Та нар сайн уу. Гэр хорооллоороо явж байна уу. Явахгүй байгаа даа та нар. За энд одоо хэрэлдээд суултай биш. Сонин юу байна" гэсээр уулзав.
Цаашаа бидний хооронд ийм яриа өрнөсөн юм.
- Бид сайн. Таны бие сайн уу?
- Сайн сайн. Би асуудалгүй.
- Хоол унд нь хэр юм?
- Дажгүй ээ. Энэ хорих ангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн юм байна. Тэрэнд санаа зоволтгүй. Ном уншаад юмаа бичиж байгаа.
- Сүүлийн үеийн сонин хачныг өмгөөлөгчөөс сонсов уу. Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлснийг дуулав уу?
- Сонслоо. Үнэхээр гайхаж байна. О.Цогтгэрэлийг ингэнэ чинээ ёстой санасангүй. Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлэх хэрэггүй. Дахиж улс төрд орж ирэх ч хэрэггүй. Нэрээ татаж ав гэж нөхөрсгөөр зөвлөж байна.
Одоо бид залуучуудаа л урагшаа гаргаж, зай тавьж өгөх ёстой. Гэвч Х.Баттулга үүнийг ойлгохгүй нэрээ татахгүй бол би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Х.Баттулга МАН-ын даргын зөвлөхөө хийхэд л хангалттай.
- Намын даргад нэр дэвшигчдийн материал авах хугацаа нь дуусчихсан юм билээ...
- Тэр хамаагүй. Угаасаа дүрмийн бус сунгаа шүү дээ. Би үүний эсрэг тэмцэх болно. Ардчилалд аюул учирлаа.
- Ямар аюул?
-Х.Баттулгаар дамжиж В.Путиний бодлого Монголд хэрэгжинэ. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй.
- Орос, Украины дайны талаар Та юу гэж бодож байна?
- Яг энэ сэдвээр нийтлэл бичээд явуулсан ч одоо болтол baabar.mn дээр гарахгүй байна.
- Яагаад вэ, шуудангаар явуулсан юм уу?
- Шуудангаар явуулаад хоёр, гурав хонолоо, очоогүй байна гэсэн. Яагаад гэдгийг нь ойлгохгүй байна.
- Тэр нийтлэлдээ юу гэж бичсэн юм бэ?
-В.Путин Украин руу түрэмгийлэн дайрч байгаа шалтгаан нь ердөө дарангуйлагч төрийнхөө хүчээ нэмэгдүүлэх гэж байгаа хэрэг. В.Путин Орос орныг авторитар дэглэмээс хойд Солонгос шиг тоталитар дэглэм рүү шилжүүлэх гэж байна. Тиймээс коммунистуудын замаар орж социализм руу буцах гэж байна. Энэ нь Монголын ирээдүйд маш аюултай.
Социализм гэдэг бол колоничлолын бодлого юм шүү дээ. Өнгөрсөн түүхэнд Монголд байгуулсан социализм бол үнэндээ колоничлолын тогтолцоо байсан. В.Путин өөрөө маш их асуудалтай. толгой өвтгөсөн зүйл ихтэй хүнд үед ирчихсэн байсан.
Жишээ нь, Чечень, Кавказаас эхлээд хэзээ мөдгүй салан тусгаарлаж магадгүй нөхцөл байдлууд түүний санааг зовоож байсан. ОХУ задрах аюул ойртчихсон, Путиний эрин дуусахад ойрхон болсон учраас амиа аврахын тулд түүнд Оросыг тоталитар дэглэмд шилжүүлж, Ким Жон Ун шиг дарангуйлагч болохоос өөр гарц үлдээгүй. Тиймээс түүнд далим хэрэгтэй. Тэр шалтаг нь Украин байсан.
Энэ санаархлаараа Монгол руу хийж байгаа эхний алхам нь Х.Баттулгаар илэрч байна. Х.Баттулгаар дамжуулж Монголыг буцаад Социализм руу буцаахыг хүсэж байна.
- Монголчууд социализм руу буцахыг хүсэх үү?
- Хэдийгээр монголчууд социализмд ам сайтай байдаг ч эргээд соц нийгэм рүү шилжихийг хэзээ ч хүсэхгүй. Хувийн өмчгүй, чөлөөтэй бизнес хийх боломжгүй, гадагшаа явах, үг хэлэх эрхгүй, малчид нь малаа төрд хураалгаж, эргээд нэгдэлжих хөдөлгөөн өрнөвөл залуучууд Та нар дэмжих үү. Тэвчихгүй биз дээ.
Монгол Улс социализмын үед колоничлогдсон орон байхад Хятадад тийм таатай байгаагүй. Тиймээс Монголыг эргээд социалист орон болохыг урд хөрш зөвшөөрөхгүй. Хятадад ардчилсан Монгол хэрэгтэй. Гэсэн ч Путиний санаархал зогсохгүй. Тэгэхээр бид нэн яаралтай ардчиллын дархлаагаа бататгах хэрэгтэй.
- Яаж?
- Гэр хорооллоо өөд нь татах хэрэгтэй. Монголд гэр хороолол, хөдөө хоёр л хөгжөөгүй хаягдсан. Ядуурал гэр хороололд их байгаа. Гэтэл атгаг улстөрчид иргэдийн ядуу зүдүү дээр дөрөөлж улс төрийн тоглолт хийдэг. Гэр хорооллыг ядуурлаас гаргаж. юунд ч автахааргүй болгох нь хамгийн чухал байна.
- Орос, Украины дайны талаар манай төр засаг албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа...
- Манайх Оросоос эдийн засгийн хамааралтай учраас тэр байх. Гэхдээ Монгол, Украин хоёр хоёулаа жижиг орон.
ОХУ жижиг орон руу дайрч дайн хийж байхад Монгол дуугүй харж сууснаараа НҮБ-д нэр хүндгүй болж байна. Монголын төр засаг нь дүүрч гэхэд ард иргэд нь энэ дайныг эсэргүүцэж дуугарах нь зөв. Бид чинь ардчилсан улсын иргэд шүү дээ.
Нөгөө талаар монголчууд бид ёс суртахуунаа гээж болохгүй. Хүмүүнлэг ёсны үүднээс бид Украиныг өмөөрч, дайныг эсэргүүцэх хэрэгтэй.
Ард иргэд нь хүний ёсоор энх тайвны төлөө жагсаж, дуугарсны төлөө үг хэлэх эрхийг нь хааж боож болохгүй. Тиймээс монголчууддаа хандаж дайны эсрэг. Украиныг дэмжихийг уриалж байна. Бид адил жижиг орон учраас хүн ёсоо ийм үед харуулах ёстой.
Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нэгдээрэй гэж залуучууддаа уриалж байна. Хэрэв би чөлөөтэй байсан бол Украин явах байлаа.
- Давж заалдах шатны шүүхийн тов гараагүй юу?
- Гараагүй. Хэзээ гарах юм мэдэхгүй хүлээж л байна. Давж заалдах шатны шүүх хуралд миний бие онлайнаар биш өөрийн биеэр оролцож, нээлттэй явуулахыг хүсэж байгаа.
- Цаг дуусаж байх шиг байна. Өөр хэлэх зүйл байна уу?
- Өөр юу байх вэ дээ. Өө нээрээ сая Мартын 8-наар 409 дүгээр хорих анги эмэгтэй хоригдлууддаа баяр хүргэж тоглолт зохион байгуулсан. 409 дүгээр анги "Жигүүр" гэдэг хамтлагтай юм байна. Хоригдож байгаа эмэгтэйчүүддээ зориулж урлагийн тоглолт үзүүлсэн.
Хүний эрхийг ингэж дээдэлж, хүнлэг сайхан арга хэмжээ зохион байгуулсанд маш их баярлаж, тэр оройн арга хэмжээнд үг хэлж хорих ангийн удирдлагуудад баяр хүргэсэн. Тэгээд сэтгэл хөдлөөд амьдралдаа анх удаа тайзан дээр дууллаа.
- Тийм үү. Ямар дуу дуулсан юм бэ?
- Найз З.Зундарийнхаа зохиож байсан “Сэтгэлийн жигүүр” дууг “Жигүүр" хамтлагтай дуулсан. Хүмүүс алга ташаад л их сайхан хүлээж авсан гэж хэлээд харилцуураа тавиад цааш туугдан одлоо.
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин