Дэд сайд Э.Золбоо: Цементийн үнийг өнгөрсөн онд нэмээгүй учраас ЭНЭ ЖИЛ НЭМЖ БАЙГАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-17

Барилга хот байгуулалтын яамны /БХБЯ/ удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хүргэв. Тодруулбал, цементийн үйлдвэрүүд бараа материалын үнийг шалтгаангүй нэмсэн тухай Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хэлэхдээ "Манай улс өнөөдрийн байдлаар цементийг зуун хувь дотоодоосоо ханган нийлүүлж байгаа. Энэ төрлийн бараа хомстолгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногт цементийн үнийг дотоодын үйлдвэрүүд өсгөсөн. Тухайлбал, нийт дөрвөн үйлдвэр 16-28 хувиар үнийг өсгөсөн үзүүлэлттэй байна.

Энэ өсөлт бодит эсэхийг яаралтай шалгаж тогтоохоор ажлын хэсэг ШӨХТГ-т чиглэл өгсөн.  Бид цементийн үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзахад тэдний зүгээс "Өнгөрсөн онд цементийн үнийг огт нэмээгүй, алдагдалтай ажилласан. Тиймээс 2022 оны бүтээн байгуулалтад оролцохын тулд заавал тодорхой хэмжээнд үнэ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн" хэмээх байр суурийг илэрхийлсэн.

 Үйлдвэрүүд тохиролцсон ёсоор энэ оны үнийн өсөлтийг холбогдох яамандаа мэдэгдэх ёстой. Гэвч өссөний дараа хойноос нь хөөцөлдөж байгаа нь үнэн Жишээлбэл,

  • Цементийг бүрдүүлдэг түлш 30 хувь
  • Үнс 14 хувь
  • Сэлбэг тээвэр 70 хувь
  • Нүүрс 20 хувь, төмрийн хүдрийн үнэ 25 хувь тус тус өссөн хэмээн үйлдвэрүүдийн зүгээс тайлбарласан. Энэ асуудлыг ШӨХТГ-аас чиг үүргийнхээ дагуу удахгүй шалгалтаа хийж бодит өсөлт мөн эсэхийг тодорхойлох байх" гэв.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэхдээ "2021 онд үнийн барилгын материалын үнэ тодорхой түвшинд өсөж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулсан нь үнэн. Улмаар төсөвт өртөг хүрэлцэхгүй болж, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орох асуудлууд тулгамдсан. Тийм учраас БХБЯ санаачилж үнийн индекс боловсруулах, төсөвт өртөгт өөрчлөлт оруулах санаачилгыг Сангийн яамтай хамтарч ярилцсан. Улмаар 2022 оны улсын төсвийг батлан гаргахдаа дагалдаж 88 дугаар тогтоолыг батлуулсан. Үүнд:

  • Нэгдүгээрт, Барилгын материалын үнийн индексийг тооцож батлуулах,
  • Хоёрдугаарт, Төсөвт өртөгт нөлөөлөх хүчин зүйлийг судалж тодорхой өөрчлөлтийг УИХ-д танилцуулах үүргийг өгсөн" хэмээн хэллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.119.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.