Х.Нямбаатар: Зөрчлийн хуулийг өөрчилж ТОРГОДОГ бус САНУУЛДАГ болгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-18
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулах хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хуулийн шинэчилсэн найруулгад аливаа зөрчилд шууд торгох шийтгэл ногдуулах бус сануулдаг болох, төр шалган тусалдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан. Мөн бид зөрчлийн талаарх мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлж, иргэдэд ээлтэй бодлогыг оновчтой тодорхойлдог болох юм.
Ингэснээр хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан хамгаалдаг болж, хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагын ажилтнуудын ачаалал буурна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцоллоо. Хууль зүйн яамнаас хэлэлцүүлж буй хуулийн төслүүдийн хүрээнд иргэдийн хамгийн их шүүмжилдэг ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ аж. 

Зөрчлийн тухай хуулийг 2017 оноос мөрдөж эхэлснээс хойш нийт 7.6 сая гаруй зөрчилд шийтгэл ногдуулжээ. Үүний 97 хувийг хүнд, 3 хувийг хуулийн этгээдэд хариуцлага тооцсон байна. Нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалж шалган шийдвэрлэсэн бөгөөд жилд дундаар 2 сая орчим зөрчил бүртгэгдэж байна. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр Зөрчлийн тухай хуулиар ямар нэгэн байдлаар торгуулж шийтгүүлж байна гэдгийг ч салбарын сайд онцолсон. Иймд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зарим зөрчлийг сануулах хэлбэрээр өнгөрүүлэх аж.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн дийлэнх нь буюу 93 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих. Энэ талаар Хуульзүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэлэхдээ “Иргэдэд хамаатай 88 зөрчилд сануулах арга хэмжээ авч байна. Хуулийн этгээдэд хамаатай 21 зүйл бий. Эдгээр 88 зөрчлийн 50 гаруй хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн. Өнөөдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчлийн 40 орчим хувьд сануулах арга хэмжээ авна гэсэн үг. Иргэд замын хөдөлгөөнд оролцоход торгууль өндөр байгааг шүүмжилдэг. Гэхдээ бид иргэдийг дарамталж торгуулиар төсвийн орлогоо бүрдүүлж байгаа зүйл огт биш” гэлээ. Гэхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж улаан гэрлээр зорчсон иргэний толгойг илээд сануулаад өнгөрөхгүй гэдгийг ч салбарын сайд онцолж байв. Тэгвэл жагсаал цуглаан зохион байгуулахтай холбоотой иргэн хуулийн этгээд нь хар тамхи, зэвсэг биедээ авч явахаас бусад тохиолдолд иргэдийг  Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах тохиолдолд сануулах нь,

Мөн жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай нэгдүгээр зүйлд “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “3 өдрийн” гэснийг “1 өдрийн” гэж өөрчилсүгэй” хэмээн зааж өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Зөрчлийн тухай хуультай холбогдуулан гэр бүлийн хүчирхийллийн зарим зөрчлийг баривчлах бус сануулах байдлаар өнгөрүүлэхээр болжээ. Тодруулбал, Харин Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг биед халдсан” тохиолдолд баривчилж бусад тохиолдолд албадан сургалтад хамруулах, сануулах байдлаар өнгөрөх өөрчилсөн байна. “Одоо мөрдөж буй Зөрчлийн тухай хуулиар нийт 10 зөрчилд баривчлах шийтгэл ногдуулж байна. Өнгөрсөн хугацаанд Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл авсан хүмүүсийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн шалтгаан эзэлж байна. Харин гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн биед халдаж байгаа бол баривчлах шийтгэл ногдуулах нь хэвээр. Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж байгаа зүйл огт биш гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг онцолсон юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.28.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.