Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дэд сайд Г.Батсуурь Дархан, Сэлэнгийн малчин, тариаланчидтай уулзлаа
Үйл явдал
/
2022-04-09
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 6-ны өдөр “Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн уулзалт” боллоо. Уулзалтаар Мал аж ахуйн салбарын бодлого, төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж буй ажил, шийдлүүд, сүргийн эргэлтийг зөв зохион байгуулж, малын чанарыг сайжруулах тухай болон Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн салбарын онцлог, бүс нутагт мал аж ахуй газар тариалан хослон эрхлэх талаар мэдээлэл өгсөн.

Дархан Сэлэнгийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт мал аж ахуйгаас үе шаттайгаар татгалзах, өөр аймаг сум руу нүүлгэх бодлогыг Засгийн газар, салбарын яамнаас баримталж байгаа юм. Ингэснээр тариалангийн хөрсийг хамгаалах замаар хөрсний чанар сайжирч, нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэх, малчид тариаланчдын дунд үүсдэг үл ойлголцол арилах юм.

ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь энэ үеэрээ Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ дэх салбарт ажиллалаа. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ салбарт буудай тушаах хүсэлтэй 14 аж ахуйн нэгжид 6000 орчим тонн буудай байгаа гэнэ. ХААДС-гийн Сэлэнгэ салбараас ажлын хэсэг томилогдож, тухайн аж ахуйн нэгж, иргэдийн хадгалж буй буудайг дээжлэн авч лабораторид шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 2 аж ахуйн нэгж, 2 иргэний нийт 266.2 тонн буудайг хүлээж авсан бол хэд хэдэн аж ахуйн нэгж “Өөр салбарт буудайгаа тушаасан, үрэнд хэрэглэхээр шийдвэрлэсэн, борлуулах буудай байхгүй” гэв. Хүсэлт гаргасан 6 аж  ахуйн нэгжийн буудайг хогт хольцоос цэвэрлэж, шаардлага хангасан үрийн болон таваарын улаан буудайг санд худалдаж авах шийдэлд хүрсэн бөгөөд чанарын шаардлага хангаагүй буудайг авах боломжгүй талаар ХААДС-гийнхан аж ахуйн нэгжүүдтэй харилцан тохиролцжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.239.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.