Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!! Та өөрөө ч бас ӨВЛИЙН ХҮЙТЭНД ЖАГСАЖ явсанаа санаарай!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-09

Монгол улсын Үндсэн хуульд “Монгол улсын иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй” хэмээн тунхаглан заасан. Засаг төрийн буруу, муу бодлогоос үүдэлтэй ҮНИЙН ӨСӨЛТӨД ДАРЛУУЛСАН, АМЬДРАХ АХУЙ НЬ ДОРДОЖ буй иргэд ийнхүү сайн дураараа эвлэлдэн нэгдэж байна.

Бүх зүйл хуулийн дагуу! Тэд тайван замаар эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо хүргэж, ХЯМРАЛЫН ЭСРЭГ нэгдэж байгаа нь сайшаалтай. Дандаа залуучууд байгаа нь бүүр ч хайр хүрмээр, бахархмаар. Нөгөө алдарт тэмцэгч Б.Жагар, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, популист А.Отгонбаатар, жүжигчин Ц.Бямбаа, намчин Д.Монголхүү гээд төрд нэрээ, түмэнд нүүрээ барчихсан гаруудыг ойртуулахгүй, хөөж гаргаж байгаа нь ҮНЭХЭЭР СҮПЭР!

Цэцэрлэг байхгүйн улмаас хоёр охиноо дагуулаад ирчихсэн БАГШ ЗАЛУУ, дэмжлэг байхгүйн улмаас үйлдвэр нь зогсчихсон ҮЙЛДВЭРЛЭГЧ ЗАЛУУ, Эмнэлэгийн хүрэлцээгүйн улмаас эмчийн хяналтад ороогүй БИЕ ДАВХАР ЭМЭГТЭЙ,  Хөгжлийн бэрхшээлтэй залуу, бараа зарж буй эгч, залуучуудыг дэмжсэн ахмадууд гээд бүгд л дэмжиж хамтарч байв.

Тэдний зүгээс БУДАА ГУРИЛНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН, ТЭГШ ЭРХ АЛДАГДСАН, ЗАЛУУЧУУД МОНГОЛД АМЬДРАХ ЭРХ БАЙХГҮЙ зэрэг нийгмийн амьдралд бодитоор нүүрлэсэн шийдвэрүүдийг танилцуулан жагссан юм. Төрийн эрх барих дээд байгууллага, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны үеэр Г.Занданшатар даргын “Ард иргэд хэмнэлтийн горимд шилжих ёстой” гэсэн уриалга, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Монголчууд хамгийн хямд мах гурил иддэг” гэсэн байр суурь нь ийнхүү залуучуудын жагсаал хийх суурийг дэвссэн юм.

Хэний ч зохион байгуулалт, мөнгө төгрөг, ятгалаг, албадалгагүйгээр ийнхүү жагссан залуучууд хэмнэлтийн горимд байна гэх агуулгыг лоозондоо бичиж, Үндэсний мөнгөн тэмдэг 10, 20, 50 төгрөгөөр өгүүлбэр бүтээн бичсэн нь анхаарал татав. Тэрчлэн зарим залуучууд хувцасаа хүртэл тайлж, ХЭМНЭВ гэсэн үг цаасан дээр бичжээ. Жинхэнэ жагсаал, жинхэнэ эрх чөлөө, жинхэнэ эвлэлдэн нэгдэхэрх гээч зүйлийг Монголчууд бүрэн утгаараа мэдрэв.

Сайн юманд саад бас бий. Залуучуудын зорилго чиглэлийг өөр тийш, улстөрийн өнгө аястай харагдуулах гэсэн хэсэг бүлэг этгээдүүд ч бас талбайгаар эргэлдэж, согтууруулах ундаа хэтрүүлсэн үедээ талбайд очиж, зүй бус хэлсэн нь бичигджээ. Аливаа зүйл хэмжээ хязгаар гэж. Тэр хязгаарын улаан шугамыг хэрхэвч давж болохгүй. Сайн дураараа нэгдэж тайван жагсаал хийж болох ч хуулийн заалтыг давж болохгүй. Жагсагчид шөнөөр улам хүч нэмэгдүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий  сайд гурвын амьдардаг Төрийн тусгай хамгаалалттай обект руу нэвтрэхийг завдсан учраас цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн таслан зогсоож, хүчээр тараасан гэв. Энэ хооронд багахан үймээн болж цагдаагийн долоон алба хаагч бэртсэн бол 50 гаруй залуу саатуулагдсан байна.

Гэсэн ч зөв зүйлийн төлөө эвлэлдсэн залуучууд дахин нэгдэж Засгийн газрын тэргүүнтэй уулзаж чадлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 13 цагт талбайд гарч ирэн залуучуудын шаардлагыг хүлээн авч нэн даруй шийдвэрлэхээ мэдэгдэв. Засгийн газрын тэргүүний хувьд өөрөө ч бас өмнө нь ӨВЛИЙН ХҮЙТЭНД ЖАГСААЛ ХИЙЖ, ТҮҮНИЙХЭЭ ШАНГ ХҮРТЭЖ ЕРӨНХИЙ САЙД болсон туршлагатай учраас залуусын жагсаалд хүндэтгэлтэй хандаж, өөрийн биеэр гарч ирэн тэдний дуу хоолойг сонссон нь тэр.

Одоогоос бараг дөрвөн жилийн өмнө 2018 оны 12 сарын хүйтэн өдрүүдээр Сүхбаатарын талбайд “МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ” гэх сүржин нэртэй том цуглаан болж байв. Уг цуглааны толгойлогч нь өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Уг нь тэрбээр жагсагч түмэнд хандаж хэлэхдээ “Би ард түмэнтэйгээ хамт шударга ёсны төлөө хүчтэй тэмцэнэ. Ямар ч албан тушаалд очихгүй. М.Энхболдыг огцруулчихаад л гараад ирнэ” гэж хэлээд хамт тэмцсэн ад түмнээ хаяад ордон руу орсон.

Гэвч нөгөө хэлсэн үгнээсээ зөрж, ам алдаж, улмаар ордондоо шигдэж явсаар ШАГНАЛД нь Засгийн газрын гишүүн, Хэрэг эрхлэх газрын дарга болов. Хоёр жил гарангийн дараа Ерөнхий сайд болсон. Тэмцэл, жагсаал цуглаанаас ХОЖСОН хүн гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар. Бүгд том албан тушаалд оччихсон, өмнөхөө мартчихсан суугаа. “Өчигдрийн Монгол, өнөөдрийн Монгол өөр болж байна. Би М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаадаа биш, ирэх 25 жилд байх тогтолцоогоо өөрчлөхийн төлөө тэмцэж байна. Ард түмний хүч, албан тушаалтны дээр байдаг гэдгийг мэдэх жил байх ёстой. Шинэ 25 жил эхэлсэн байна. М.Энхболд даргаа таны эхнэртэй адил бүсгүйчүүд ирсэн байна, таны хүүхэдтэй адилхан залуус ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү удаан хүлээлгэ. Даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна.” гэж уриалж байжээ!!! Ерөнхий сайд ийн хэлсэнээ одоо санадаг болов уу!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.107.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.