Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд ISO 30400 стандартыг баталгаажуулах дотоод аудит хийж байна
Үйл явдал
/
2022-05-03
Өнгөрөгч онд Эрдэнэт үйлдвэр Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400  багц стандарт нэвтрүүлсэн. Эдгээр стандартыг баталгаажуулах ажлын хүрээнд бүтцийн нэгжүүдэд дотоод аудит хийж байна. Гуравдугаар сард Ил уурхай, Авто тээврийн цехэд дотоод аудит хийсэн аж. Энэ 4, 5-р сард Засвар механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд дотоод аудит хийгдэнэ. Дотоод аудит хийснээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд Хүний нөөцийн менежментийн тогтолцоо стандартын хэмжээнд байгаа эсэхийг тогтоох юм.

Мөн бүтцийн нэгжүүд стандарт шаардлагад хэр нийцэж байна, хэр сайжруулах ажлууд байгааг тогтоож цаашид хийх ажлаа төлөвлөх ажээ. ЗХНБГ-ын Тэргүүлэх мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ: “Энэ оны 11 сар хүртэл үйлдвэрийн бүх цех, нэгжүүдэд дотоод аудит хийхээр төлөвлөсөн. Монгол Улсын хэмжээнд Монос групп ISO 30400 цогц стандартыг үйл ажиллагаандаа анх нэвтрүүлж батламж авсан байдаг. Харин Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт төдийгүй Төрийн өмчит үйлдвэрийн газраас анх удаа ISO 30400 цогц стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.  Аливаа байгууллагын үйл ажиллагаа тогтсон стандартын дагуу явагдах ёстой. Стандартын ойлголт урд нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр яригдаж байсан. Өнөөдөр менежментийн тогтолцоо буюу удирдлагын түвшинд хүртэл стандарт байх ёстойг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр Хүний нөөцийн багц стандарт бол залуу стандарт. Энэхүү жишиг стандартыг дэлхийн тэргүүлэх орнууд 2016 онд баталж мөрдөн ажиллаж байгаа. Уг стандартыг манай улс 2018 онд баталгаажуулж авсан. Эрдэнэт үйлдвэр Хүний нөөцийн 13 аудитор бэлтгэсэн. Энэ бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Өнгөрсөн онд Хүний нөөцийн багц стандарт нэвтрүүлэх дөрвөн сарын үйл ажиллагаандаа зөвлөх үйлчилгээ авсан. Бүх цех нэгжийн Хүний нөөцийн ажилтнуудыг M-1, 2, 3 сургалтад хамруулсан. М-3 дотоод аудитын сургалтаар 13 хүний нөөц бэлтгэгдэж гарсан байгаа. Эдгээр хүмүүс дотоод аудит хийгээд явж байна” гэв.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.89.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.