Баян-Өлгий аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Ногооннуур суманд ажиллаа
Үйл явдал
/
2022-05-02

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сумуудад ажилласаар Өлгий хотоос 110 км зайтай оршдог Ногооннуур суманд очсон юм /2022.04.30/.  Биднийг очиход байгаль цаг уурын хувьд тогтуун нарлаг сайхан байлаа. Цагааннуур тосгон дахь уулзалт маань сунжраад товлосон цагаасаа хоцорч ирсэн ч иргэд маань хүлээсээр сууна.

          Засаг дарга Д.Бауыржан уулзалтад хууран цугларсан ард иргэдэд хандаж мэндчилж, зорилго зорилтоо танилцууллаа. Ногооннуур сумын нутгийн зон олон аймгийн Засаг дарга өргөн бүрэлдэхүүнтэй аймаг сум, цаашлаад багийн иргэд, малчдын амьдрал ахуй, хаваржилтын байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байгааг сайшааж, баярлан талархсанаа илэрхийлж, ажлын амжилт хүсэж элэг дотноор хүлээн авлаа.

          Нэг үеэ бодоход хөдөөгийн иргэд маань бүх төрлийн мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч үнэн худлын шүүлтүүртэй ханддаг болжээ. Бараг л миний ч дуулаагүй сониныг мэдчихсэн сууж байх юм. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн аж амьдралтай танилцаж, зовлон бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, шийдвэрлэхээр биечлэн ирсэн засаг ноён байгаагүй гэдгийг онцолж, болохгүйгээс болж байгаа хүртэл илэн далангүй буу халж, мацаг тайлах хугацаа өнгөрсөн боловч уулзалт маань  таван цаг үргэлжлэв.

Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сумын засвар, тохижилт хийх шаардлагатай сургууль, цэцэрлэг, заал зэрэг объектод танилцан, хөрөнгө мөнгийг газар дээр нь шийдвэрлэв.

  • Үүнд: Сургуулийн спорт заалын засварт 30 сая төгрөг
  • 1 дүгээр цэцэрлэгийн засварт 20 сая төгрөг
  • Хартахар хадлангийн усалгааны систем зураг төсөл хийх 20 саятөгрөг
  • Цагааннуур-Ногооннуур Хавцлын зам засварт 38 сая төгрөг
  • Бахлаг замын засварын зардал зэргийг газар дээр нь шийдвэрлэн ажиллаа.

Ташрамд дурдахад: Сум болгон өөрийн түүхтэй бас их онцлогтой юм. Тус сум нь Цагааннуур гэсэн 1 тосгон, Бахлаг, Чихтэй, Ховд, Улаанчулуу, Ямаат, Хызылхайын, Хосхарагай, Асгат гэсэн нийт 8 багтай. Хүн амын ихэнх хувь нь мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Байгалаас заяасан хадлангийн 6000 гаруй га талбайтай тул Баян-Өлгий аймгийг өвс тэжээлээр дангаараа хангаж байгаа онцлогтой сум. Хойд талаараа ОХУ, Тува улстай хил залгадаг. Улсын хэмжээнд эхний 5 нуурт багтдаг Ачит нуур загасны их нөөцтэй. Нэн ховор амьтад болох Аргаль, Янгир, Цоохор ирвэс, Алтайн Хойлог, хар тарвага элбэг. Ногооннуур сумын талаар товчхондоо танилцуулбал ийм.

   Хурлын төгсгөлд  мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргасан  хөдөлмөрийг үнэлж аймгийн Засаг даргын 2022 оны А/65 дугаар шийдвэрийн дагуу шагнагдсан аймгийн аваргуудын шагналыг Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв.

     Ногооннуур сумаас аймгийн хошой аварга өрх 1, аймгийн аварга өрх 13, аймгийн аварга тариаланч 2 төрөн гарсан болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.188.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.