Баянхонгор аймагт “Хөдөлмөрлөх боломж - Хөгжлийн шийдэл” нээлттэй өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2022-05-05
Баянхонгор аймаг хавтгайрсан халамжийг халах, ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, хөдөлмөрт сургах үндсэн бодлогыг 2022 онд баримталж байгаа юм. Тус бодлогын хүрээнд өнөөдөр иргэдэд ээ хөдөлмөрлөх боломж өөрийн орон нутагт нь буйг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

“Хөдөлмөрлөх боломж” нээлттэй өдөрлөгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нээж үг хэлэхдээ “Халамжийг хөдөлмөрт шилжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, айл өрхөд оновчтой орлого болж очих бүхий л боломжийг бид энэ хугацаанд судлан шийдэл гаргалаа. Төрөлх хотынхоо өнгө үзэмжээ сайжруулж, явган зам талбайгаа тохижуулж, ногоон байгууламжаа үлэмж хэмжээнд тэлэх зарчмаар нийтийг хамарсан 1000 орчим ажлын байрыг бий болгохоор тооцоолон ажлыг эхлүүллээ. Бид танд цалинтай ажлын байр санал болгож байна ” гэж онцлон тэмдэглэв.

May be an image of 18 people, people standing and outdoors

“Хөдөлмөрлөх боломж” нээлттэй өдөрлөгийг аймгийн ЗДТГ, сумын ЗДТГ, ХХҮГ, ХХААГ, Сум дундын ойн анги, Үйлдвэржилт хөгжлийн корпораци, Политехникийн коллеж, Өлзийт МСҮТ хамтран зохион байгуулж, чиглэл тус бүрээр үйл ажиллагаагаа ард иргэдэд танилцуулан, мэдээлэл сурталчилгаа хийлээ. Энэ үеэр аймгийн ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэлжүүллээ. Ажлын байранд бүртгүүлсэн иргэдийг чиглэл тус бүрээр бригад болгон хуваарилж ажиллуулах төлөвлөгөөг сумын ЗДТГ-аас гаргаад байгаа тухайд Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр танилцууллаа.

May be an image of 10 people, people standing and outdoors

Тодруулбал: Аймгийн төвд энэ онд талхлагдалд орсон халцгай газруудад замын тохижилт, өнгөлгөө, хавтанжуулах ажлууд хийгдэх бол ногоон байгууламжаа тэлэх, байгаль цаг уур, газар шороондоо зохицсон мод, ургамал, суулгацыг тариалах, ургуулахад чиглэл тус бүрийн бригадууд хариуцан ажиллах юм. Бригадын зохион байгуулалтад орж ажилласан дээрх иргэдийн цалинг ХХҮГ-ын нийтийг хамарсан хөдөлмөр эрхлэлтийн сан болон аймаг орон нутгаас олгох болно.

May be an image of 2 people, people standing and outdoors

Мөн манай иргэд ажиллахын зэрэгцээ сонирхсон мэргэжлээрээ Политехник болон Өлзийт МСҮТ-д суралцан өөрийгөө хөгжүүлэн илүү мэргэших, тэтгэлэгтэй суралцах боломжтойг сургуулийн удирдлага оюутан залуус энэ үеэр хэлж байв.

May be an image of 13 people, people standing and outdoors

Төрөлх хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах энэ зуны бүтээлч их ажилд гар бие оролцох сонирхолтой иргэдийн судалгаа бүртгэлийг аймгийн ХХҮГ-т үргэлжлүүлэн авч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.183.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.