“Хариуцлагатай уул уурхай-Нөхөн сэргээлт-Тэрбум мод” орон нутгийн зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2022-05-03

Төв аймаг 2022 оныг “Ногоон хөгжил-баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин аймаг, орон нутагтаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр 20.0 сая Мод тарьж ургуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Тус ажлыг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудалтай уялдуулах зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. “Хариуцлагатай уул уурхай-Нөхөн сэргээлт-Тэрбум мод” зөвлөгөөнийг Төв аймгийн ЗДТГ, БОАЖГ зохион байгуулж, БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ, уул уурхай бүхий Төв аймгийн 12 сумын удирдлага төрийн албан хаагчид оролцлоо.

2022 оны 4-н сарын байдлаар Төв аймгийн газар нутагт 159,1 мян.га талбайг хамарсан ашиглалтын 302 тусгай зөвшөөрөл, 198,3 мян.га талбайг хамарсан хайгуулын 81 тусгай зөвшөөрөл нийт 383 тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 1 сард батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш 2015-2022 онд хайгуулын-39, ашиглалтын-9 тусгай зөвшөөрөл олгогдсон байна.

Нийтдээ 26 сумын 357.4 мян.га талбайг хамарсан ашигт малтмалын 383 тусгай зөвшөөрөл олгогдсон нь аймгийн нутаг дэвсгэрийн 4.9 хувийг хамарч байна. Эдгээрийг сумаар авч үзвэл Баян суманд 6, Эрдэнэ суманд 2, Сэргэлэн суманд 8, Баянцагаан суманд 2, Баяндэлгэр суманд 2, Баян-Өнжүүл суманд 1, Алтанбулаг суманд 10, Лүн суманд 1, Баянчандмань суманд 1, Жаргалант суманд 1, Сүмбэр суманд 1, Заамар суманд 18, нийт 12 суманд 53 аж ахуйн нэгж олборлолт явуулж байна.

 

Алт хөтөлбөр эхэлсэн 1990-ээд оны эхэн үеэс Төв аймагт уул уурхайн олборлолт эрчимтэй явагдаж 2021 оны жилийн эцсийн байдлаар 10956 га газар уул уурхайн улмаас хөндөгдөж эвдрэлд ороод байна. Өссөн дүнгээр нийт хөндөгдсөн талбайн 6972,76 га талбайд техник, 4079,7 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгдсэн нь нөхөн сэргээлт хүлээж авсан судалгаа материалаар гарч, нийт хөндөгдсөн талбайн 63,64 хувьд техникийн, 37,23 хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2021-2024 онд 8000 га талбайд нөхөн сэргээлт хийхээр тусгагдсан бөгөөд аймгийн Засаг даргын 2021 оны А/294 дүгээр захирамжаар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан 2024 он хүртэл 2000 га талбайд нөхөн сэргээлт хийх зорилтыг тавин ажиллаж байна.

Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хагас дутуу хийсэн, нөхөн сэргээлт хүлээлгэж өгдөггүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлдэггүй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахаас татгалзаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулан тусгай зөвшөөрөл цуцлах асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.