Цахим хурал зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-05-06
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас 2022 оны 1-р улирлын байдлаар үндэсний хэмжээнд бүртгэгдсэн эхийн ноцтой хүндрэлийг танилцуулж “Төрсний дараах үеийн цус алдалтын эмчилгээний чиг хандлага, тусламж үйлчилгээ” сэдэвт цахим хурлыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулав. Эхийн ноцтой хүндрэлээс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч М.Энхжаргал удирдан явууллаа. Хуралд ЭХЭМҮТ-ийн ЭБЭ-ийн зөвлөх эмч нар, Статистик мэдээлэл зүйн тасаг, Тандалт судалгааны албаны эмч судлаачид, Нийслэлийн амаржих газрууд, ЭНЭҮТ II, Багануур ЭМТ, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, ЭБЭ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, ЭБЭ-ийн эмч, сумдын эмч нар бүхий 127 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.
   

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг “Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн өнөөгийн байдал”, Төрөх тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа “Төрсний дараах үеийн цус алдалтын эмчилгээний чиг хандлага, тусламж үйлчилгээ” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ж.Энхтуяа эх барихын практикт тохиолддог цус алдалтын хүндрэл нь дэлхийн эхийн эндэгдлийн шалтгааны 15-25%, Монгол Улсын эхийн эндэгдлийн эх барихын шууд шалтгааны 17.8%-ийг эзэлж буйг дурьдаад, цус алдах өндөр эрсдэлтэй эхийн эрсдэл хүндрэлийг эрт үнэлж, төрөлт удирдах, мэс засал хийхийн өмнөх бэлтгэлийг сайтар хангах, цусны бүлгийг тодорхойлох, цусны хувийн ба биологийн тохироо үзэх, тохирсон цус, цусан бүтээгдэхүүнийг захиалан ”ӨРСӨЖ” арга хэмжээ авах, цус алдалтын үеийн эмнэлзүйн илрэл, алдсан цусны хэмжээ, шок, эргэлдэх цусны эзэлхүүний дутагдлын зэрэгт тохируулан, сэлбэлтийг хурдтай хийх, амин чухал үзүүлэлтүүдийг хянах, дулаан байлгах, хөдөлгөөнийг хязгаарлах, цус алдалтын эмнэлзүйн илрэлээс шалтгаалан зарим тохиолдолд умай, өндгөвчийн артерийг боох, мөрөвчлөх оёдол тавих мэс ажилбарыг хийж, умайг үлдээх, бүлэгнэлтийн гажуудалд орсон тохиолдолд биеийн байдал эргэн сэргэх боломж хязгаарлагдмал байдаг зэргээр тусламж үйлчилгээний явцад анхаарах зүйлсийг онцоллоо. ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч М.Энхжаргал эх барихын их хэмжээний цус алдалтын үед үр дүнтэй, төгс тусламж үйлчилгээг багаар, шуурхай үзүүлэх, төрсний дараах хяналтыг сайжруулах, гэрийн эргэлтийн чанарт анхан шатны эмнэлгүүд анхаарах шаардлага буйг сануулав. Хуралд оролцогсдын асуултад зөвлөх эмч Ж.Энхтуяа хариулж, харилцан саналаа солилцсон үр дүнтэй хурал болж өндөрлөсөн ба эмч нарын зүгээс цаашид “Эх барихын үжил халдвар” сэдвээр онолын мэдээлэл авах хүсэлтээ илэрхийллээ. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.