Орбис интернэйшнл ОУБ-ын Монгол дахь салбарын хамтрагч нарын уулзалт боллоо
Үйл явдал
/
2022-03-04
2022 оны 03 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо Орбис олон улсын байгууллагын Монгол дахь салбарын хамтрагч байгууллагуудын уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Тус уулзалтанд Эрүүл мэндийн яамыг төлөөлж ЭТҮГ-ын Анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа хэлсэн үгэндээ Орбис ОУБ нь  сүүлийн  гучин жилийн туршид Монгол улсын нүд судлалын тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэхэд дорвитой хувь нэмэр оруулсаар ирсэн хамтрагч байгууллага гэж онцоллоо. Тэрээр ЭМЯ-ны зүгээс цаашдаа зайлсхийж болох сохролоос сэргийлэх, ялангуяа тэргүүлэх шалтгаануудад нь чиглэсэн чанартай, хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн, санхүүгийн дарамт багатай тусламж үйлчилгээг бий болгоход хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.


Орбис ОУБ нь АНУ-д төвтэй сохролоос сэргийлэх чиглэлээр дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Орбисийн онгоцтой хөтөлбөр нь ЭМЯ-ны урилгаар хэрэгждэг ба 1989 оноос хойш өнөөг хүртэл манай улсад нийт 8 удаа ирсэн билээ.  Уг хөтөлбөр нь зөвхөн нүдний эмч нарын чадавхийг сайжруулах төдийгүй нүдний сувилагч, нойрсуулагч эмч сувилагч, тоног төхөөрөмжийн инженерийг сургалтанд хамруулдаг  онцлогтой. Манай улсад ажиллаж буй хоёр зуун ная гаруй нүдний эмч, сувилагч нарын талаас илүү хувь нь Орбисийн цуврал сургалтын хөтөлбөрт хамрагдсан байдаг. Түүнчлэн дутуу нярайн, хүүхдийн нүдний эмгэг зэрэг тулгамдаж буй өвөрмөц асуудлыг цогцоор шийдэх урт хугацааны төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлэхийн сацуу хүүхдийн нүд судлал, дутуу нярайн ретинопати, рефракц, катаракт, резидентийн сургалтыг сайжруулах чиглэлээр нийт 13 аймаг, зарим дүүрэгтэй хамтран ажиллаж байна.

Хамтрагч талуудын уулзалтанд нийт 35 байгууллагын 64 төлөөлөгч оролцож, тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц, үр дүнг дүгнэн, цаашид хийх ажлын төлөвлөгөөг ярилцлаа. Орбисийн Монгол дахь салбарыг 2021 онд нээсэн бөгөөд одоогоор ЭМЯ, УНТЭ, ШУГТЭ, ЭХЭМҮТ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуран хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.