Д.Сумъяабазар дарга НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРЧ барилгын ослоос урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-28

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Д.Сумъяабазар  Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавих ажлаа эрчимжүүлж ажиллахыг албаныханд үүрэг болгожээ. Учир нь хэдхэн хоногийн өмнө ХУД-ийн 16-р хороо "НОМИН РЕАЛТОР" ХХК-ийн захиалан бариулж байгаа үйлчилгээний барилгын ажлын үеэр хүнд даацын кран унаж хоёр иргэн амь насаа алдсан билээ. Түүнчлэн мөн л ХУД-ийн нутаг "Маршал" хотхоны барилгад осол гарч нэг иргэн амиа алдсан. Дээрх харамсалтай тохиолдлуудыг хотын дарга харгалзан үзээд ийн шийдвэр гаргасан байна. Д.Сумъяабазар даргын энэ үүрэг даалгавар нь "НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ" гэгчийн үлгэр болов.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжаар баталсан хийх ажлын жагсаалтыг холбогдох байгууллагууд заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.

  • Нийслэлийн 2022 оны төсвийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн “Цахим шилжилт”-ийн нэгдсэн төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд дүүрэг, агентлаг, харьяа байгууллагууд саналаа өгч, тэдгээр саналыг нэгтгэн боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.  
  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/851 дүгээр захирамжаар Хотын стандартыг мөрдүүлэх бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хотын стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг сайтар зохион байгуулж ажиллах.
  • 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг, төсөв, ажлын даалгавар, боловсруулахдаа хотын стандартын хэм хэмжээг тусгах, мөрдүүлж ажиллах.
  • Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
  • Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах.
  • Нийслэлийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, тохижилтод анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.223.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.