Манай улс ГАДААД ӨРИЙН үзүүлэлтээрээ ДЕФОЛТ ЗАРЛАХ 10 улсын ТООНД ОРЧИХСОН!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-29

Монгол Улсын Их Хурал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран “Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.06.28) Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт  УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ өнгөрөгч гуравдугаар сард танилцуулсан төлбөрийн тэнцлийн мэдээллийг дахин сануулав. Тэрбээр, нийгэм, эдийн засгийн гол асуудлуудын үндсэн зангилаа нь төлбөрийн тэнцэл болсныг онцлоод манай улс сүүлийн 10 гаруй жилийн турш төлбөрийн тэнцэл, урсгал дансны хос алдагдалтай явж ирсэн нь эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгож, өр үүсэх үндсэн шалтгаан болсон гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 3.8 хувиар агшжээ. Экспортын 92 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Энэ нь манай эдийн засаг анхан шатны, боловсруулаагүй түүхий эдээс хэт хамааралтайгаас шалтгаалж байна. Нэмүү өртөг шингэсэн, хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүний экспорт багатай. Түүхий эдээс хэт хамааралтай байдал нь эдийн засгийн өсөлтийг тогтворгүй болгож, энэ нь дундаж давхарга үүсэх, ядуурал буурахгүй байх, уул уурхайн бус үйлдвэрлэл, бизнес хөгжихгүй байх үндсэн шалтгаан болж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлдээ дурдав.

Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5 хувьтай тэнцэж байгаа нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ. Нөгөө талаар эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагаас ядуурал дорвитой буурахгүй байгаа юм. Хэдийгээр манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан боловч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр -15.5 тэрбум, анхдагч орлогын тэнцлээр -14.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нийт урсгал данс 28.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлсэн буюу энэ хугацаанд гадаад өр мөн хэмжээгээр буюу 27.1 тэрбум ам.доллароор өсжээ. Манай улс сүүлийн 14 жилд зэсийн экспортоос 21.4 тэрбум, нүүрснээс 22 тэрбум, нефтиэс 4.4, алтнаас 7.1, төмрийн хүдрээс 5.8 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 73.8 тэрбум ам.долларын орлого олсон. Гэвч нөгөө талдаа энэ хугацаанд хүнс 7.1 тэрбум, автомашин 5.1, бензин шатахуун 13.5 тэрбум гэх мэт нийт 69.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолж, үүний дээр гадаад улсуудад тээврийн үйлчилгээнд 3.2 тэрбум, аялал жуулчлалд 3.6 тэрбум гэх мэтээр нийт 15.5 тэрбум ам.доллар үйлчилгээний төлбөр төлжээ. Эдгээр үүссэн өр төлбөр нэмэгдэхийн хэрээр гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашигт төлдөг төлбөр нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн 14 жилийн хугацаанд зээл, бондын хүүд 6.4 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалтын ногдол ашиг, хүүгийн төлбөрт 7.8 тэрбум ам.доллар төлсөн байна. Түүнчлэн хууль, эрх зүйн шинэчлэл хийх замаар бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж чадсанаар дотоодод ажил эрхлэлт, үйлдвэрлэл нэмэгдэхэд түлхэц болно. Ингэснээр үндэсний хуримтлал бүрдэж, макро эдийн засаг тогтворжино. Улмаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, өсөлт илүү хүртээмжтэй болж, ядуурал буурах боломж бүрдэнэ” гэлээ.

Харин сангийн сайд Б.Жавхлан илтгэлдээ Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байна. Гадаад валютын албан нөөц ойролцоогоор улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын өрийн хязгаарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад 2-3 дахин их байгаа гэв.  Засгийн газраас 2012 оноос хойш 3-10 жилийн хугацаатай Чингис, Дим сам, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Номад, Сенчири зэрэг нийт долоон бонд гаргасан байдаг. Засгийн газрын өр 2021 онд 26.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнийг өнөөдрийн үнэ цэнээр тооцвол ДНБ-ий 50.8 хувьтай тэнцэх болжээ. Өрийн бүтцийн хувьд 2016 онд Засгийн газрын өрийн 52 орчим хувь нь арилжааны нөхцөлтэй зээл байсан бол 2021 оны байдлаар 33.6 хувьд болтол бууруулжээ. Харин Засгийн газрын зээлийн ашиглалтыг авч үзвэл 40 орчим хувийг барилгын салбарт, 26 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад, 14 орчим хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан байгаа бол 13 орчим хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулжээ.  Олон талт хөгжлийн түншүүдээс авах зээлийн хөтөлбөр, зээлийн ашиглалтыг зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан хөрөнгө оруулалт, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд баталсан хөрөнгө оруулалтуудын хүрээнд л ашиглана гэсэн хатуу бодлого баримтална гэдгийг Сангийн сайд танилцуулав.

Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Э.Бямбажав хэлэхдээ, манай улсын эдийн засгаа дэмжих, тэлэх зорилт, дотоод гадаад өрөөр санхүүжүүлэх бодлого нь “өртэй, эмзэг эдийн засаг”-т хүргэж байгааг тэмдэглээд төсвийн урхагшсан алдагдал нь өр зээл өсөх суурь шалтгаан болсоор Монгол Улсыг гадаад өрийн шалгуур үзүүлэлтүүдээр дефолт болох эрсдэлтэй 10 улсын тоонд оруулж байгаа гэв. Мөн манай улсын гадаад өрийн удирдлагыг сайжруулахад одоогийн хууль, журам, стратегийг өөрчлөх шаардлагатай. Тодруулбал, гадаад зээлийг цаашид экспортыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнд ашиглах хэрэгтэй. Ингэхдээ тухайн зориулалтаар төлөвлөгөөт хугацаанд гаднаас авах зээлийн хатуу хязгаарыг тогтоож, мөрдөх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь өөрийн үйл ажиллагаа, орлого, ашгаараа зээлийн төлбөрөө гүйцэтгэх чадвартай байгаа нөхцөлд гаднаас зээлийн эх үүсвэр татах хатуу зарчмыг хуульчлах, хэрэглээ болон халамжийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчин хэрэгтэйг тодотгов.

Хэлэлцүүлэгт оролцогчид валютын гадагшлах урсгалыг хязгаарлах, дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхийн тулд жил бүр төлбөрийн тэнцлийн байдалд судалгаа хийж, түүнийг үндэслэн төсвийн болон макро эдийн засгийн төсөөлөл хийх хэрэгтэйг хэлж байлаа. Мөн Монгол Улсын төсвийг алдагдалгүй болгож, төсвийн хяналтыг чангатгаж, шалгуур үзүүлэлтүүдийг хатуу мөрдөж ажиллах замаар Засгийн газрын өрийн түвшинг багасгах, экспортод чиглэсэн үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих, экспортын даатгалын санг байгуулах, гадаад хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн таатай орчинг бий болгох хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлж байлаа. Түүнчлэн батлан гаргасан хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах асуудлыг ч хөндлөө. 

“Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.198.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.