“ОНДО”- дугаарыг сонгосон ОЛОН ХҮН ХОХИРЧ үлдэх вий
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-30

“Монгол хүний онгирох нь хятад хүний галзуурахаас дор” гэж Төвөдийн зүйр үг бий. Нэг зүйлийг “Гоё, сайн, сайхан” гээд онгирчих юм бол цаадах наадах асуудал түй ч хамаагүй. Тэр чигээрээ туйлшраад дуусна. Харин алдсан хойноо амаа барьж “Эрт мэдсэн бол...” хэмээн халагладаг жишээнүүд захаас аван байна

Яг үүнтэй агаар нэгэн адил асуудал өдгөө дэгдээд буй нь үүрэн телефоны 5 дахь оператор гэж өөрийгөө зарлан хэрэглэгчдийг “Хямд дата” -гаар даллан дуудаж буй “Ондо”. Гол сурталчилгаа нь хямд дататай гэсэн ганц жанжин шугамтай. Гэтэл хэрэглэгчдэд хамгийн чухал асуудал болох ярианы тариф буюу бусад үүрэн телефоны оператортай хэдэн төгрөгөөр холбогдох талаар “Ондо”-гийн амнаас ганц үг унахгүй байгаагийн учир нь бусад үүрэн телефоны оператортай холболт байхгүй аж. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийн сүлжээндээ л ярина. Бусад сүлжээний оператор руу дуудлага хийхгүй, дуудлага хүлээж авахгүй гэсэн үг.  Ёстой л “ондоо” нууц байгаа биз.

Учир нь “Ондо” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлууд буюу тус компанийн одоо ашиглаж буй 2300-2340МГц-ийн радио давтамжийг хууль бусаар шилжүүлэн авсантай холбоотой маргаан,  “60хххххх”, “66хххххх” дугаарлалтаа хууль бусаар авсантай холбоотой маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд тэдний энэхүү үйлдэл нь  Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсний 2.1.2 “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар зөрүүтэй мэдээлэх... бусдыг төөрөгдүүлэх”, 12.1.6 “барааны чанарын доголдол...-ыг нуун дарагдуулах”, 12.1.10 “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” заалтууд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ.

Түүгээр ч барахгүй Ай эн мобайл нэтворк ХХК-ийн 2300-2340 МГц-ийн давтамжийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулжээ. Хуулиараа бол ААҮАТЗтХ-ийн 7.4, 2015 оны ХХЗХ-ны 68 тоот “Монгол улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт”-ын 5.1.2,5.1.6-т заасны тус давтамжийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох ёстой төдийгүй ХХтХ-ийн 9.12, 12.1-т заасны дагуу ХХЗХ-с тогтоол гаргах шаардлагатай аж. Мөн ХХтХ-ийн 5.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлэхийг хориглодог ч “Ондоо” эрх мэдэлтэй “Ондо”-гийнхон энэ бүгдийг зөрчжээ.

“Ай Эн Мобайл нэтворк” ХХК нь 2021 оны 5 сард болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэнийг “Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх хүсэлт ирүүлснийг олгохгүй” хэмээн шийдэн тухай 2021 оны 6 дугаар сарын 24 -нд үүрэн холбооны операторуудад албан бичгээр мэдэгдэж байжээ. Гэвч Харилцаа холбооны зохицуулах хороо нь зөвхөн “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохын тулд ээлжит бус хурал зарлаж, хууль, журамд байхгүй “Ондоо” эрхтэйгээр тусгай зөвшөөрөл олгосон аж. Хамгийн сонирхолтой нь ямар үйлчилгээ эрхлэхийг ягштал заасан байх учиртай зөвшөөрөл нь хамрах хүрээг тодорхойлоогүй, ямар дугаарлалттай хэрэгжихийг огт заагаагүй гэх мэт холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн “Ондоо” эрхтэйгээр олгогджээ. Ийн хууль зөрчсөн, үүрэн холбооны тусгай зөвшөөрөлгүй атал “Ярианы” гэх хууль бус зөвшөөрлөөр үүрэн холбооны 5 дахь оператор гэж зарлаж байгаа нь иргэдийг хохироох бий вий дээ гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь угтаа харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу олгох чиг үүрэгтэй хэдий ч сонгон шалгаруулалтаа зарлахгүйгээр зах зээлд бохир жишиг нэвтрүүлэх алх дөш цохиж байгаа нь ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбоотой байх вий гэсэн хардлагыг төрүүлж байна. Яагаад гэвэл Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д заасны дагуу Төрийн байгууллага нь аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон ч ХХЗХ нь Ай Эн Мобайл нэтворк ХХК-д давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулсан.

Ийм байдлаар хууль тогтоомж зөрчсөн “Ондо”-гоос бусад сүлжээнд хэзээ холбогдохыг лавлах үйлчилгээний ажилтан хэлж мэдэхгүй байгаагийн дээр дугааруудаа зөвхөн дуудлага худалдаагаар худалдаж байгаа нь дээрх шүүхийн маргаантай холбоотой бололтой. Анхнаасаа л мордохын хазгай гэгч болж хууль зөрчсөн гэх асуудалтайгаар шүүх цагдаад дуудагдан гараагаа эхэлсэн “Ондо” -ийн тусгай зөвшөөрөл цуцлагдаж ч магадгүй гэх “Бор шувуу” чих дэлсэв. Иймээс өөрийн сүлжээний хамрах хүрээг тодорхой мэдээлэхгүйгээр хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж хямд дата-ны сурталчилгаагаар даллан дуудаж буй үйлдлийн цаадахыг харах нь иргэдэд чухал. Агуулга чухал болохоос хэлбэр нь чухал бус шүү дээ. Эцэст нь хэлэхэд ОНДО- дугаарыг сонгосон ОЛОН ХҮН ХОХИРЧ үлдэх вий дээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.108.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.