Баян-Өлгий аймгийн Буянт сумын түүхт 80 жилийн ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө
Үйл явдал
/
2022-07-24

Хамгийн олон малтай, хамгийн бага хүн амтай, Улсын аварга малчинтай, сурын спортоор Улсын мэргэнтэй, урианхай, тува, казах ястнууд маань эвтэй найртай амьдран суудаг, Буянт уулаараа овоглоод Мөнх цаст хайрхан уулынхаа хормойд Буянтчууд Буянт сум байгуулагдсаны 80 жилийн тэгш ойн  баяр наадмаа энэ сарын 22-23 –ны өдрүүдэд нартай, хуртай сайхан наадаж, тэмдэглэн өнгөрүүлэв.

Буянт сумын баяр наадмын нээлт туг залах үйл ажиллагаагаар эхэллээ. Баяр наадмаар Буянтчууд  хүчит бөхөө барилдуулж, хурдан морьдоо уралдууллаа.

Энэхүү ёслолд УИХ-ын гишүүд Т.Аубакир, Б.Бейсен, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, бусад сумдын удирдлагууд, сумын бахархал болсон  Монгол Улсын Мэргэн Т.Очироо, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк, Аймгийн МАНын хорооны дэд дарга А.Ербол, “Цамбагарав ХХК”-ийн ерөнхий захирал Б.Энхболд тэргүүтэй алдарт зочин гийчид оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан  “Монгол улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Буянтчууд даа болон төрөлх нутгийнхаа гал голомтоо сахиж нутаг орноо хөгжүүлэхийн төлөө хийж бүтээж байгаа үе үеийн төлөөлөгчид, ахмад буурлууддаа Буянт сум байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндийг хүргэж, та бүхний хийморь лундаа дээшээ байж, санаж сэдсэн ажил бүхэн тань сэтгэлчлэн бүтэж Буянт сум цэцэглэн хөгжиж үеийн үед мандан бадрахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээн баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв.

Сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 бөх хүч үзэн барилдаж, аймгийн хурц арслан М.Еркебулан түрүүлж, аймгийн арслан Э.Тамираа үзүүрлэж, их шөвөгт улсын начин Б.Баатарцол, аймгийн арслан Т.Ерболат нар шалгарсан юм. Бөхчүүдийн барилдаан өрсөлдөөнтэй болж, наадамчин олныг баясгасан уран барилдааныг бөхчүүд үзүүлсэн юм. Ингээд хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүү бөх тодорсноор сумын наадам өндөрлөсөн юм.

Буянт сум байгуулагдсан түүхийг сөхөн танилцуулахад тус сум нь Ардын хувьсгалаас өмнө Алтайн Урианхайн долоон хошууны нэг Сагсайн хүрээ хийдтэй төвлөн Ах сум, Түмт, Сангийн, Оорцог, Урианхай, Гонзгой зэрэг зургаан суманд харьяалагдаж байжээ.

1925 оноос Алтайн Урианхай аймгийн итгэмжит гүний Жаргалант Сагсай сум, 1929 оноос Чандмань уулын аймгийн Алтайн хошууны “Нармандах” сум байгаад 1931 оноос Ховд аймагт харьяалагдаж 1934 онд татан буугдаж Жаргалант Сагсай сумтай нэгтгэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.229.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.