“УРИАНХАЙ, ТУВА ТҮМНИЙ СОЁЛЫН ӨВИЙН ӨДРҮҮД” толбо нуурын хөвөөнд хэллээ
Үйл явдал
/
2022-07-27

 Нүүдэлчин монголчуудын түүх, хэл, соёл, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг идэвхжүүлэх хүүхэд, залуучуудад ёс уламжлалаа гүнзгий таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, ардын авьяастнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх, алдаршуулах, эрдэм авьяасыг нь өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, уламжлал болгон зохион байгуулах зорилготой “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” баярын арга хэмжээ өнөөдөр /2022.07.25/ аймгийн Толбо сумын Толбо нуурын хөвөөнд эхэллээ.

 

Энэхүү Толбо нуурын хөвөөнөө эхэлж буй “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд”-ийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам нар санаачлан, “Урианхас өв соёлын нийгэмлэг” ТББ болон “Монгол Тувагийн хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ- уудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын яам бодлогын хүрээнд дэмжин ажиллаж байгаа юм.

Монголын язгуурын овог, аймгуудын нэг Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам, Т.Аубакир, Б.Бейсен, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Ховд, Говь-Алтай аймгуудын Засаг дарга болон төлөөллүүд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Урианхай, Тува түмний соёлын өдөрт хуран цугларсан олон түмэнд  “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд”-ийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, …Манай Улсын Урианхай түмэн нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг бөгөөд гарал үүслийн хувьд Монгол Угсаатан дотроос одоогийн нэрээр тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй ястны нэг юм. Тодруулбал Чингис хааны өрлөг жанжин болох Зэлмэ, Сүбээдэй нар Урианхайчууд билээ….

…Мөн Монгол угсаатныг бүрдүүлж буй олон угсаатны нэг нь түрэг хэлт Алтайн тувачууд юм. Эдүгээ тувачууд хэмээх ард түмэн түүхэн хувь заяаны эрхээр Монгол Улс болон ОХУ, БНХАУ гэсэн гурван улсад харьяалагдаж байна. Манай улсад Тува түмэн маань Ховд аймгийн Буянт сум, Төв аймгийн Заамар сум, Дарханы Орхон, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Улаанбаатар хотод хэсэг бүлгээрээ тархан суурьшиж байгаа ба тэр дундаа манай Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд олноороо ажиллаж амьдарч байна….

…Он цаг улирч бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусаж алга болоход дан ганц үндэстэн ястан гэлтгүй хүн төрөлхтнийг хэрхэн амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь түүх соёлын дурсгалт зүйл, биет болон биет бус өв, олдворууд нотолдог.

 …Бид цаашид үр хойчдоо, одоо цаг үедээ өвлүүлж, соёлын өв чигээр нь авч үлдэхэд төр засгийн төвшний бодлого болгож холбогдох яам, хэлтэс, холбоотой хамтран ажиллах зорилт тавин ажиллах болно.” хэмээн онцолсон юм.

Нээлтийн концертын үеэр дээрх угсаатнуудын язгуур өв соёл, зан заншил, уламжлалыг харуулсан үзүүлбэр тоглолтуудыг үзүүлсэн юм. Үүнээс гадна Урианхайчууд газар ус, тэнгэр шүтэх, овоо тахих уламжлалыг ч үзүүллээ. Магтаалч, бий бийлээчид, цуурчийн өвөрмөц уран бүтээлүүдээ өргөн барилаа.

Зохион байгуулагдаж буй “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд”-ийн бас нэг онцлог нь баяр наадамд хүрэлцэн ирсэн зочид гийчид Монгол, Тува, Өвөрмонгол, ШУӨЗО-ны урианхайчуудын хэл аялгуу, хувцас хэрэглэл, өв соёлыг бодитоор үзэж сонирхох боломж олгосон явдал байлаа. Баяр наадамд манай аймгийн уугуул иргэдээс гадна Ховд, Говь-Алтай, Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймаг, Улаанбаатар, Эрдэнэт хот, Налайх, Тувагийн БНУ-ыэ өвлөн уламжлагчид, Өвөрмонгол, ШУӨЗО-ны алтайн урианхайчууд олноор хүрэлцэн ирж оролцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.