Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж, тархвар судлалын өндөр эрсдэлтэй байгааг тогтоосон байна
Үйл явдал
/
2022-07-29

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ, Горный Алтай мужийн ТТЭСС-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны нутагт хил орчмын бүсэд орших Сийлхэмийн бүлэг голомтот нутгуудад тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил, хүн амын халдварлах эрсдэлийг тогтоох зорилгоор 2022 оны 06-р сарын 30-аас эхлэн сарын хугацаанд тандалт судалгааг хийсэн байна.

Тус судалгаагаар Баян-Өлгий аймагт тарваган тахлын голомт маш өндөр идэвхтэй байгаа бөгөөд тарваган тахлын хүний өвчлөл гарах маш өндөр эрсдэлтэй байгаа нь тогтоогдсон байна. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр /2022.07.27/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон Сийлхэмийн голомтод хийсэн тандалт судалгааны тайланг танилцуулах зорилгоор хамтарсан багийн аймгийн удирдлагуудтай хийсэн өргөтгөсөн хурлын үеэр мэргэжилтнүүд танилцууллаа.

700

Уулзалтын үеэр Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны нутагт хил орчмын бүсэд орших Сийлхэмийн бүлэг голомтот нутаг дэвсгэрт амьдарч байгаа малчид, ард иргэд болон Алтай Таван Богд уулыг сонирхогч аялагчид, амрагчид тарваган тахлын голомтод бүс нутгийг дайран өнгөрч байгаа тул аймгийн зүгээс анхаарахыг хүсэж, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх  боломж, бололцооны талаар талууд дэлгэрэнгүй санал солилцлоо.

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлт нутагт хамаардаг бөгөөд тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг зоонозын халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг.  Үүнээс гадна тарваган тахлын халдварт өвчин нь тэмээнээс хүнд халдах эрсдэлтэй тухай  Эрхүү хотын ТТЭСЭШХ-ийн мэргэжилтэн онцлон хэллээ. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана. Иймд тэмээг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамааруулах нь зүйтэй гэлээ.

700

Хамтарсан баг Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны нутагт хил орчмын бүсэд орших Сийлхэмийн бүлэг голомтод тарваган тахлын байгалийн голомт хяналтын болон хүн амын дундах тандалт судалгааг 2017 оноос хойш 6 дахь жилдээ хамтран хийж байгаа бөгөөд ОХУ болон Монгол Улсын засгийн газрын хоорондын гэрээний дагуу хэрэгжиж байгаа төсөл юм. Энэхүү төсөл нь үргэлжлэх эсэх нь 8 сард болох ОХУ болон Монгол Улсын засгийн газар хуралдааны үеэр шийдэгдэнэ.

Дээрх тандалт судалгаа үргэлжлэн хийгдсэнээр Монгол улс, ОХУ-ын хил орчмын бүс Баян-Өлгий аймгийн Сийлхэмийн нурууны хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын халдварын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлэх юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан нарын 2022 оны 4 сард баталсан “Монгол улс, ОХУ-ын хил орчмын бүс Баян-Өлгий аймгийн Сийлхэмийн нурууны хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын халдварын эрсдэлийг бууруулах” ажлын төлөвлөгөө (2022-2024 он)-г хэрэгжүүлэх зорилгоор, ЗӨСҮТөвийн захирлын баталсан аргазүйн зааврын дагуу ЗӨСҮТ, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн баг бүрэлдэхүүн 2022 оны 05 сарын 11-нээс эхлэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Улаанхус сумдын голомтот нутагт тарваган тахал өвчний халдварын эрсдэлийг бууруулах, хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх шимэгчгүйтгэл, мэрэгчгүйтгэлийн ажлыг зохион байгуулж байгаа.

700

Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Бауыржан дээрх судалгааг хийсэн хамтарсан багийн гишүүдэд талархал илэрхийлж, тарваган тахлын  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэх санал санаачилага бүхнийг дэмжин ажиллах болно гэдгийг онцоллоо.

2019 онд Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчин гарч хоёр хүн амиа алдсан байдаг. Иймд тарваган тахлын улиралчлалын энэ үед ард иргэд тарваган тахлын халдвар авах эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзан сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.