“Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнг олны хүртээл болов
Үйл явдал
/
2022-07-29

Архивын ерөнхий газраас Монголын Үндэсний музейтэй хамтран Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнг өнөөдөр /2022.01.13/ Монголын Үндэсний музейд нээж, олны хүртээл болгов. Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ололт, амжилтыг бататган бэхжүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж 97 дугаар тогтоол баталсан бөгөөд тус тогтоолын хүрээнд Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнг ийнхүү дэлгэж буй юм.

Тус үзэсгэлэнгийн үзмэрүүд нь Үндсэн хуульт байгууллын болон Үндсэн хуулийн түүх, төрт ёс, түүхэн уламжлалыг олон нийтэд, ялангуяа хүүхэд залууст таниулах, Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх, олон нийтэд тайлбарлан таниулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийг уг эхээс нь хуулбарлан бүтээж, Үндэсний музейд залах тухай зарлиг гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулаад уг эхээс нь гэрэл зургийн аргаар хуулбарлан нэг хувь бүтээсэн Үндсэн хуулийг Монголын үндэсний музейн захирал Л.Жаргалд гардууллаа.

Мөн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон зарим хүмүүс Үндсэн хуулийн түүхийг эх хувиар нь дэлгэсэн нь үнэхээр бахархууштай төдийгүй хүүхэд залууст танин мэдүүлэх их чухал үзэсгэлэн болсныг онцлон талархаж байв.

“Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэн энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.28.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.