“Япон Улс ба Монгол Улс:архивын баримтаар дамжуулан хүргэх бидний түүх” сэдэвт цахим, виртуал үзэсгэлэн нээлтээ хийж, олон нийтийн хүртээл боллоо
Үйл явдал
/
2022-02-25

Архивын ерөнхий газар нь Япон улсын нийслэл Токио хотноо 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Олон улсын архивын зөвлөлийн Зүүн азийн бүсийн салбар зөвлөлийн хуралдааны үеэр тус улсын Үндэсний архивын газартай архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байв.

Тэгвэл энэхүү санамж бичгийн хүрээнд мөн Монгол Улс, Япон Улс 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Москва хотноо харилцан Нот бичиг солилцож, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ өдөр тохиож байгаатай холбогдуулан “Япон ба Монгол Улс: Архивын баримтаар дамжуулан хүргэх бидний түүх” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн цахим, виртуал үзэсгэлэнг өнөөдөр /2022.02.24/ нээж, олны хүртээл болголоо.

Тус үзэсгэлэн нь Японы Үндэсний Архивын газар болон Монгол Улсын Архивын ерөнхий газрын өмчид хамаарах он цагийн хувьд өөр өөр цаг үеийг хамарсан 6 бүлэг сэдвийн хүрээнд 700 гаруй жилийн харилцаа, хамтын ажиллагааны түүхийг харуулсан олон чухал архивын баримт, гэрэл зургийг агуулсан өргөн цар хүрээтэй төдийгүй түүхийн бодит үнэн мэдээллийг виртуал хэлбэрээр анх удаа дэлгэж буйгаараа онцлогтой юм.

Тухайлбал, хоёр орны харилцааны түүхэнд холбогдох Юань гүрний үеийн сурвалж бичгүүд болон захидал, Богд хаанаас Япон улсын Эзэн хаанд илгээсэн захидал, XX зууны эхэн үед монголд ажиллаж амьдарч байсан япон худалдаачдын тухай баримт, 1935 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хамтарсан хурлаас гаргасан тогтоол шийдвэр, 1961 оны Монгол-Японы хоорондын харилцааны асуудлыг судлах, хоёр орны хөгжил байдалтай танилцах талаар Москвад суугаа Япон Улсын Элчин сайдыг түр хамаарагч ноён Акира Сигэмицуд уламжилсан бичиг, найрамдалт харилцаа тогтоосон тухай шийдвэр зэрэг баримтууд дэлгэгдээд байна.

Уг арга хэмжээний нээлтийн үеэр хоёр тал манай хоёр байгууллагын архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа эдгээр үнэ цэнтэй баримтуудаа үзэсгэлэнгээр дамжуулан хүргэж байгаа нь бидний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны шинэ түвшинд гаргах нөхцөл бүрдэж байгааг онцлон тэмдэглэлээ.

Тус үзэсгэлэнг http://www.archives.go.jp/…/interna…/jp_mn50/mongolian/-цахим хуудсаар дамжуулан англи, монгол, япон хэл дээр уншин танилцаж, сонирхох бүрэн боломжтой юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.