Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
2022-03-15

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан 

Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нээж үг хэлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах референт Д.Саруул, Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон нар танилцууллаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн шинэчлэлийн талаар баримтлах чиглэлийн талаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

1996 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль өнөөдрийг хүртэл нийт 30 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсөн байдаг. Ихэнхдээ төрийн өмчийн зүйлийг сайжруулах, төрийн өмчийн ангилал, менежментийг илүү тодруулж, зохицуулах гэхээс илүүтэй бусад хуулиудын уялдааг хангах, нэр томъёоны өөрчлөлтүүд буюу төрийн өмчийн бодлого зохицуулалтыг, эсхүл төрийн захиргааны байгууллага  байх эсэх асуудлыг шийдэх хүрээнд явж ирсэн. Цаашид бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн болон орон нутийн өмчийн тухай хуулийг зайлшгүй сайжруулах УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газрын зарим институт хүлээж байна.

Мөн төрийн өмчит компаниудын засаглалыг тойрсон улс төрөөс хараат засаглалын ил тод бус байдлаас шалтгаалж татвар төлөгчдийн мөнгөөр энэ компаниудын хариуцлагыг барагдуулах хэмжээнд хүртэл очдог гэх зүйлүүд нийгэмд хурцаар шүүмжлэгддэг. Түүнчлэн Монгол Улс авлигын индексээр тодорхой хэмжээнд хойшилсон.Тэгэхээр урагшуулах асуудлыг нэн тэргүүнд тавьж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн намын санхүүжилт болон төрийн өмчит компаниудын засаглалын асуудлыг ил тод, нээлттэйгээр олон улсын жишиг хандлагад хүргэхгүйгээр энэ авлигын индекс буурахгүй гэдгийг олон улсын байгууллагууд хэлдэг. Энэ мэт олон асуудлаас үүдэж төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудал яригдсан.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Их Хурлаас  баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудад энэ асуудлуудыг тусгайлан тусгаж өгсөн  нь эргээд төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болсон.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах референт Д.Саруул:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн танилцуулгадаа энэ хуулийг шинэчлэх хамгийн гол үндэслэлийн нэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал байна. Үндсэн хуулинд ялангуяа төрийн өмч, нийтийн өмч буюу байгалийн баялгийн үр шимийг ард түмэнд үр ашигтай хүртээх асуудал, орон нутгийн өмчийн асуудлыг эзэнтэй болгох, орон нутгийн хөгжлийг дэмжих асуудлуудыг тусгасан.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон:

Тус яамнаас боловсруулсан Төрийн өмчит болон компанийн тухай хуулийн төсөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа харилцааг тусад нь салгаж илүү бие даасан байдлаар анхдагч хуулийн төслийн хэлбэрээр боловсруулсан. Энэ хуулийн төсөл маань төрийн болон орон нутгийн өмчит компанийг ямар үндэслэлээр байгуулах уу, ямар салбарт байгуулж болох вэ гэдэг асуудлыг тодорхой болгож өгсөн. Өөрөөр хэлбэл энэхүү салбарыг УИХ, Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагууд нь ямар эрх хэмжээтэй оролцож болохыг илүү тодорхой болгож өгсөн гэсэн үг.Мөн энэхүү анхдагч хуулийн төсөл дээр төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, удирдлагын асуудлыг илүү дэлгэрэнгүй тусгаж өгсөн.Өөрөөр хэлбэл компанийн засаглалыг удирдахад гол чиг үүргийг хэрэгжүүлдэг буюу төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хяналтын зөвлөл гэх мэт институтийн чиг үүргүүдийг нарийвчлан зохицуулж өгсөн.

Хуулийн төслийн танилцуулах хэлэлцүүлэгт  төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөл, энэ чиглэлээр судалгаа хийдэг төрийн бус байгууллага, судлаач нар оролцож, санал дүгнэлтээ хэллээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл батлагдсанаар дараах үр дагавар бий болно. Үүнд:

  • Төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан дэглэм бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
  • Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрэлдэнэ.
  • Төр үйлдвэрлэл эрхлэгчийн хувиар бус мэргэшлийн түвшинд хөрөнгө оруулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлснээр төрийн аж ахуй эрхлэлтийн арга механизм тодорхой болно.
  • Үйлдвэрлэлийн тодорхой салбарт хутгалдан орж өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учрах бизнесийн эрсдлээс зайлсхийх боломж олгоно.
  • Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн засаглал мэргэжлийн чадварлаг болох, улс төрөөс хараат бус байх, хариуцлагажуулах нөхцөл бүрдэнэ.
  • Төрийн өмчит компанийн засаглал гэх тогтсон тодорхой загвар байж болох хэдий ч түүнийг бүтээх гол үндэслэл нь төр түүний хувьцааг эзэмшиж байгаа явдал гэдгийг ойлгож, тэрхүү хувьцааг олж авах, захиран зарцуулах, хувьцаанд ногдох эрхийг хэрэгжүүлэх механизмыг зөв тогтооход хуулийн төсөл чиглэнэ. Энэ ч агуулгаар төр хувьцааг тооцоо, судалгааны үндсэн дээр тодорхой салбарт эзэмших, хувьцаа эзэмшигчийн ямар эрхээ аль байгууллагаар дамжуулж хэрэгжүүлэх хуваарилалт, хариуцлагын эргэх холбоо, тайлагнал, хариуцлага, ил тод байдлыг хангах механизмыг энэ хуулийн төсөл бүрдүүлэх юм.
  • Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статусыг нэг мөр болгоно.
  • Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн засаглал сайжирч, эдгээр хуулийн этгээдийн ашигт ажиллагаа нэмэгдэх, төр, орон нутаг ил тод, хариуцлагатай бизнес эрхлэх нөхцөл бүрдэнэ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.